Монгол бол нүүрсээр ”Саудын Араб”

Уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Альбанез “Хятадад эрэлт ихсэж байгааг харгалзан Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах шаардлагатай байна. Монголоос Хятад руу гаргах нүүрсний хэмжээ хоёр жил тутам хоёр дахин нэмэгдэж байгаа” гэж мэдэгдсэнийг Блүүмберг дамжуулав.

Монголын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг дүйх “Оюутолгой”-н зэс, алтны том ордыг “Айвенхоу майнз”-тай хамтран ашиглах дөрвөн тэрбум долларын гэрээг Монголын талтай хийсэн “Рио Тинто”-той нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолдоо тус компани дахь (Айвенхоу Майнз) хувьцаагаараа дамжуулан хүрч болох юм. “Оюутолгой”-н орд 2013 онд ашиглалтад орох бөгөөд энэ хугацаанд “Рио Тинто” компани “Айвенхоу майнз” дахь хувьцаагаа 43.1 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхтэй. Түүнэс гадна “Рио тинто”-д нүүрсний хайгуулын лиценз буй.

Өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа Хятад, Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ зэс, нүүрсний үнийг тэнгэрт хадааж мэдэхээр байна. Хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлж, дэлхийн эдийн засаг дахь нөлөө нь тэлж буй Хятад, Энэтхэг эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг нүүрснээс гаргаж авдаг бөгөөд зэс боловсруулах үйлдвэрүүдэд нь коксжих нүүрсний хэрэгцээ ихтэй. АНУ-ын Peabody Energy Inc-ийн аравдугаар сарын сүүлчээр хийсэн тооцоогоор ирэх таван жилд энэ хоёр орны нүүрсний хэрэглээ найм хүртэл хуваарь нэмэгдэх гэнэ. Ингэснээр зах зээлд хомсдол үүсч, дулаан, уур, эрчим хүч гарган авахад шаардлагатай ердийн нүүрсний үнэ 2012 он гэхэд нэг тонн нь 100 доллар, металлургийн салбарт өргөн хэрэглэдэг коксжих нүүрс тонн нь 160 долларт хүрэх аж. Одоогоор ердийн нүүрс нэг тонн нь 70, коксжих нүүрснийх 129 долларын ханштай байгаа.

Peabody Energy Inc Австралиас экспортлох нүүрснийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Хятадын зах зээлд зориулан нүүрс олборлох хамтарсан уурхайг Монголд нээх төлөвлөгөөтэй байгаа гэж тус компанийн гүйцэтгэх захирал Грег Бойс мэдэгдсэнийг Ройтер уламжилсан. Уул уурхайн акулууд Монголыг “Нүүрсний Саудын Араб” (Saudi Arab of Coal) хэмээн харж байна. “Айвенхоу майнз”-ийн захирал Роберт Фрийдланд ийм байх бололцоотой гэж “хөөрөгдсөнийг” Блүмберг иш татжээ.
Грег Бойс аравдугаар сарын 20-нд Wall Street-ийн шинжээчидтэй уулзахдаа “Хятад нүүрсний хомсдолд орсноор зах зээл дэх нийлүүлэлт, үнийн бүтцэд эрс өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэтхэг зах зээлд дахин гарч ирж, ирэх таван жилд бүс нутгийн эдийн засгийн өсөлт жил бүр долоон хувийн өсөлттэй гарна. Ингэж өсөхөд шаардагдах эрчим хүчийг гарган авахад жилдээ 300-400 сая тонн нүүрс хэрэгтэй. Энэ том хэрэглээ яалт ч үгүй хомсдол үүсгэнэ” гэж ярьсан байна.
Сүүлийн ганцхан жилийн дотор Хятадын коксжих нүүрсний импорт хурдацтай нэмэгдэж, Peabody Energy Inc-ийн гол хэрэглэгчдийн нэг болсон байна. Хятад энэ онд гэхэд л 25 сая тонн коксжих нүүрс худалдан авчихаад байна. Он дуусахаас өмнө энэ тоо нэмэгдэх нь зайлшгүй. Тус улсын нүүрсний хэрэглээ ёроолгүй сав шиг болж байгааг дараах баримтаас тодорхой харж болно. Өнгөрсөн жил ниитдээ долоон сая тонн ердийн нүүрс импортоор авсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар 38 сая тонн болж, жил хүрэхгүй хугацаанд бараг тав дахин нэмэгджээ.

Засгийн газар Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар тус улсын өмнийн говьд байх олон “толгой”-нуудыг эргэлтэд оруулах хаалгыг нээгээд байгаа. Хятадын хилээс ердөө 40 километр зайтай Овоот толгойн уурхайгаас өдгөө жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс экспортолж байгаа бөгөөд ойрын хугацаанд 8.5 сая тоннд хүргэх боломжтой. Шаардлагатай санхүүжилтийг Хятадын хөрөнгө оруулалтын корпораци (CIC) хийхээр болсон гэж Торонтод бүртгэлтэй SouthGobi Energy Resource мэдэгдсэн. Говьд хийх нүүрсний хайгуул, олборлолт, өргөтгөлд зориулан CIC нийтдээ 500 сая долларын зээл өгөхөөр болсон гэж SouthGobi Energy Resource мэдээлжээ.

Монголын үндэсний консорциум болох “Энержи ресурс” Ухаа худгийн нүүрсний уурхайг өргөтгөх 195 сая долларын нэмэлт гэрээг өчигдөр Leighton Asia компанитай байгуулсан байна. Ингэснээр 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн жилдээ таван сая тонн нүүрс Хятад руу экспортлох боломжтой болох аж. Leighton Asia компани энэ оны хоёрдугаар сард Ухаа толгойн уурхайтай гэрээ байгуулах эрхийг авсан агаад үйл ажиллагаагаа гуравдугаар сард эхэлсэн юм. Энэ удаа “Энержи ресурс”-ийн саналаар гэрээг өргөтгөжээ. Гэрээний нийт үнэ 480 сая доллар болж байна. Гэвч энэ бүхэн Хятадын зах зээлийн эрэлт болоод Монголын Тавантолгой дахь хэдэн тэрбумаар тоологдох нөөцийн хажууд ердөө л дусал.

Дан ганц зэсийн экспортоос хамааралтай Монголын эдийн засгийн бүтцэд ойрын үед өөрчлөлт гарч мэдэхээр байна. Австралийн Newcastle боомтод ачаалал хэт ихэсч, тээвэрлэлт удааширч байгаа нь Монголоос хямд нүүрс түвэггүй авах Хятадын сонирхлыг түргэвчлэх нэг хүчин зүйл болж магадгүй юм. Гэхдээ Монголын говиос нүүрс, баяжмал зөөх дэд бүтэц, эрчим хүчний асуудал хараахан шийдэгдээгүй л байна. Сонирхогч талууд бүгд үүнд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн.
 2009.11.05

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.