Д.Энхбат: Үндсэн чиглэл аж ахуйн төлөвлөгөө маягтай гарч байна
Д.Энхбат: Үндсэн чиглэл аж ахуйн төлөвлөгөө маягтай гарч байна
2009.11.05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг лхагва гаригийн үдээс хойш зарлаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа жилийн улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг хуулийн хугацаандаа багтахгүй болж буй тул ийнхүү удтал сунжирсан Үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийг шуурхайлах шаардлагатай болсон юм.  Хуралдааны эхэнд УИХ-ын байнгын хороод, УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг сонслоо. Санал дүгнэлтийн талаар гишүүд асуулт асууж санал хэлэхээр нэрсээ өгөөд байсан ч гишүүн Г.Батхүү горимын санал гаргасан юм. Тэрбээр “Нэгэнт бүлэг, байнгын хороодоор удаан хугацаанд нухацтай хэлэлцэж санал хураасан тул тухайн асуудлаар санал хураах үед асуудал гарвал хэлье” гэсэн нь дэмжлэг авч шууд санал хураалтад орлоо. Ингэсэн нь чуулганы ажиллагааг нэлээд шуурхай болгож УИХ-ын гишүүдээс гаргасан 200 гаруй саналаар нэг бүрчлэн санал хураах ажил эхлэв. Гэхдээ хамгийн түрүүнд санал хэлэхээр нэрээ өгөөд байсан гишүүн Д.Энхбатад байр сууриа илэрхийлэх боломжийг хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл өгсөн юм.

Гишүүн Д.Энхбат “Үндсэн чиглэл аж ахуйн төлөвлөгөө маягтай гарч байна. Шинэ зууны хөгжлийн тулгуур үзэл санаанууд туссангүй. Монгол Улсад ногоон эдийн засаг, ногоон бодлого хэрэгтэй. Монголын нутаг дэвсгэр цөлжиж байгаа тул цөлжилтийн үед ажиллах менежмент хэрэгтэй. Дэлхий даяар барьж байгаа гурван J буюу даяаршил, байгаль экологи, засаглалыг ардчилах бодлогын өнцгөөс харсан бол сайн төсөл гарах байсан. Бүс нутгийн улс төрийн хувьд ч маш сайн санаачлага гаргах боломж байсан. Дан уул уурхайгаар хөгжихгүй, нөгөө талд байгаль экологи заавал явна. Өрсөлдөх чадвар гэдэг бол Монголын эдийн засгийг дэлхийн нүдээр харна гэсэн үг. Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйгаар бүс нутагтаа өрсөлдөх чадвартай” гэж байлаа. Үүний дараа гишүүд санал хураалтдаа оров. Тэд байнгын хороодоор дэмжигдсэн 122, олонхийн дэмжлэг аваагүй 77, найруулгын шинжтэй тав, нийт 204 саналаар санал хураасан юм.

Гишүүн Р.Гончигдорж дэмжлэг хүлээгээгүй саналуудаар бөөнд нь санал хураая гэсэн горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Санал хураалтаар тун цөөхнөөс бусад саналыг гишүүд 50-иас 90 гаруй хувийн саналаар дэмжлээ. Дорноговь аймгийн Зүүнбаянд үндэсний түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах бага оврын үйлдвэр ашиглалтад оруулах тухай гишүүн Я.Батсуурь, Л.Гантөмөр нарын санал, дунд сургуулийн сурагчдад Үндсэн хууль, хүний эрхийн чиглэлээр хичээл оруулах гэсэн Ардчилсан намын бүлгийн саналыг олонхи гишүүд дэмжсэнгүй. Мөн улсын хилийг хугацаат цэргийн албан хаагчаар хамгаалуулдаг тогтолцоог өөрчилж хил хамгаалах албыг мэргэшсэн гэрээт хилчнээр гүйцэтгүүлэх тухай Ардчилсан намын бүлгийн санал уналаа.

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Нөмрөг-Рашааны аялал жуулчлалын цогцолбор байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай гишүүн Л.Гансүх, Ардчилсан намын бүлгийн саналаар гишүүдийн санал 50, 50 хувиар хуваагдаж гарсан юм. УИХ-ын дэгийн хуулиар 50+1 гэсэн саналаар гараагүй бол дэмжээгүйд тооцдог зарчмаар эл санал унав.

Ийнхүү бүх саналаар санал хурааж гүйцээд Үндсэн чиглэлийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.

                                Д.ОЮУН

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.