Монгол Улс атомын станцтай болоход нэг их наяд 203 тэрбум төгрөг хэрэгтэй
2009 оны 10 сарын 22

-Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт дөрвөн их наяд 394 тэрбум 169 сая төгрөг шаардлагатай гэнэ. Засгийн газрын тооцоолсноор, энэ хөрөнгийн 1,17 хувийг улсын төсвөөс, 98,11 хувийг хувийн хэвшлээс, 0.71 хувийг гадаадын зээл тусламжаас босгох аж-

Монгол Улс уран олборлох ажлыг эрчимжүүлэх болсонтой зэрэгцэн нэгэн асуулт гарч ирсэн нь атомын цахилгаан станцтай болох явдал. Яг хэзээ атомын цахилгаан станцтай болж тархи зовоосон олон асуултыг цэглэж, цэгцлэж чадах вэ гэдэгт өдгөө Засгийн газарч, Цөмийн энeргийн газар ч тодорхой хариулж чадахгүй байгаа юм. “Яваандаа, цаашдаа” гэх үгийг амнаасаа унагах эрх баригчид хамгийн түрүүнд уранаа олборлохоор шийдвэрлэсэн бөгөөд уг ажлыг хойд хөршийн дэм, туслалцаатайгаар хийж гүйцэтгэхээр аль хэдийн тохиролцоонд хүрч, албан ёсоор баталгаажуулсан байгаа.

Монгол улсын баримталж буй бодлогоор эхний ээлжинд шар нунтаг гаргаж, дараагийн шатанд боловсруулах, баяжуулах ажлыг хийх юм. Атомын цахилгаан станцтай болох асуудал улс орнуудын ойрын төвлөгөө, хэтийн төлөв болоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд цөмийн 442 рeактор ажиллаж байна. АНУ гэхэд нийт үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг атомын рeактороос бүрдүүлж байгаа бол Англи 25 хувь, Гeрман 30 хувь, Бeлги 54 хувь, Франц 75 хувь, Литва 80 хувийг атомын цахилгаан станцаас гаргаж авч байгаа аж. Дэлхийн түүхийг сөхөж үзвэл дэлхийд анх удаа 1951 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Айдахо мужид EBR-I цөмийн реакторын тусламжтайгаар 100 кВт орчим хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж авсан юм. 1953 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлэгч Эйзэнхауэр хэлсэн үгэндээ атомыг энхийн зорилгод ашиглахыг онцгойлон тэмдэглэж цөмийн эрчим хүчийг нийтээр ашиглахыг хүчтэй дэмжсэн АНУ-ын засаг захиргааны бодлогыг илэрхийлсэн байна. 1954 оны зургадугаар сарын 24-нд ЗХУ-ын Обнинск хотод таван МВт чадлын цахилгаан станц ашиглалтад орж , анх удаа эрчим хүчний шугам сүлжээнд холбогдсон бөгөөд түүний дараа 1956 онд Английн Колдер Холлд 46 МВт чадалтай, түүний дараа жил АНУ- ын Шиппингпортод 60 МВт чадалтай атомын цахилгаан станцууд тус тус ажиллаж эхэлсэн байдаг. 1957 онд олон улсын Атомын эрчим хүчний агентлаг байгуулагджээ. Энэ үеэс дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан чадал хурдтай өсч 1960 онд нэг ГВт хүрэхгүй байснаа 1970- аад оны үед 100 ГВт, 1980- аад оны сүүл гэхэд 300 ГВт болж өссөн байна.

Харин түүнээс хойш өсөлтийн хурд удааширсан бөгөөд 2005 онд 366 ГВт болсон гэнэ. Цөмийн осол болж цацраг идэвхт бодис алдагдахаас болгоомжилсон, цөмийн хаягдлыг бий болгох, тээвэрлэх, хадгалахыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнүүд ХХ зууны сүүлийн хагаст идэвхжсэн бөгөөд 1979 оны Три Майл Айланд-ад, 1986 онд Чернобыльд гарсан осол гамшгийн дараа олон орон шинэ цахилгаан станц барих ажлаа зогсоож байсан юм байна. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд атомын цахилгаан станцтай болох зорилгоо маш хурдацтай, эрчимтэй биeлүүлж байгаа аж. Тухайбал, дэлхийд шинээр баригдсан 39 атомын цахилгаан станцын 22 нь Азид босчээ. Азид өнөөдөр атомын цахилгаан станцынхаа тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт үйлдвэрлэж буй цахилгааныхаа 35 хувийг атомын рeактороос гарган авч байна.Цаашдаа тус улс дээрх хувийг 57 хүргэхээр төлөвлөж буй аж. Харин Япон улс атомын цахилгаан станцаас үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчээ 40 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм байна. Улс орнууд ийнхүү атомын цахилгаан станцтай болж цахилгаан дулааныхаа асуудлыг шийдэж буй бол Монгол Улс ганцхан ширхэг атомын цахилгаан станцтай болоход багагүй мөнгө хэрэгтэй болоод байна. Төсөв нимгэн манай улсын хувьд уг мөнгийг хаанаас хэрхэн олох талаар багагүй шаналж буй гэнэ. Тодруулбал, атомын нэг цахилгаан станц байгуулахад дор хаяж нэг их наяд 203 тэрбум төгрөг зарцуулна. Уран ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхтэй холбогдсон ойрын 12 жилд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газар боловсруулсан.  Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт дөрвөн их наяд 394 тэрбум 169 сая төгрөг шаардлагатай гэнэ. Засгийн газрын тооцоолсноор, энэ хөрөнгийн 1,17 хувийг улсын төсвөөс, 98,11 хувийг хувийн хэвшлээс, 0.71 хувийг гадаадын зээл тусламжаас босгох аж. Хэрэв дээрх хүсэл биeлж монголчууд атомын цахилгаан станцтай болж чадвал ядуурал, гамшгаас ангижрах бололтой. Харин атоамын цахилгаан станцыг хаан барих талаар Цөмийн энeргийн газрын дарга С.Энхбатаас нэгэнтээ сонирхоход хоёрдмол ач холбогдолтой стратeгийн ач холбогдолтой ашигт малтмалын баяжуулна гэдэг утгаараа улсын нууцын зэрэглэлд хамаарагдахыг өгүүлж байсан юм. Ямар ч байсан алсдаа мөнгө нь байгаад боломж гарвал ганцхан ширхэг атомын цахилгаан станцтай болох мөрөөдлөө ОХУ, Франц, Япон зэрэг том санаархал, том гүрнүүдтэй хамтран биeлүүлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.