Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн талаар өнөөдөр тодорхой тоон үзүүлэлтүүдийг ярьж буй. Төсөвт төчнөөн хэмжээний татварын орлого оруулна, төдөн мянган ажлын байр бий болно гэхчилэн. Энэ мэдээж чухал. Гэхдээ үүнээс илүү Монголын эдийн засгийг тэтгэх хүч Оюутолгойд байгаа нь эргэлзээгүй?
-Оюутолгойн төслийн ач холбогдлыг гурван чиглэлд төвлөрүүлэн дүгнэж болно. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлнэ, хоёрдугаарт, говийн бүсэд хөгжлийн шинэ тулгуур төвийг бий болгоно. Гуравдугаарт, техник технологийн талаасаа бүтээмж нэмэгдүүлж, манайд өмнө нь огт байгаагүй газар доорхи олборлолтын технологийг нэвтрүүлнэ. Энэ гурав бол тоон үзүүлэлтээр бус цаад үр дүнгээрээ асар чухал юм. Гэхдээ мэдээж төсвийн орлого нэмэгдэж, ажлын байр нэмэгдэх гэхчилэн үр өгөөжийг мартаж болохгүй.
-Өмнийн говьд орших Оюутолгой одоо Монгол Улсын эдийн засгийн баталгаа болчихлоо. Дараагийн үүцээ задлахаар хүлээж буй орд нь Тавантолгой. Эдгээр ордыг ашиглаж эхэлснээр ойрын ирээдүйд Монголын эдийн засаг ямар төвшинд очсон байх бол?
-Манай хороо ойрын таван жилийн хугацаанд эдийн засаг яаж өөрчлөгдөх, ордуудыг ашиглаж эхэлснээр ямар ашиг, үр өгөөж бий болох вэ гэдгийг тооцож гаргасан. Энэ тооцоогоор хувь хүний орлого одоогийнхоос ойролцоогоор гурав дахин өсөх хандлагатай. ДНБ нэрлэсэн хэмжээгээр одоогийнхоос бас л гурав дахин өснө. Боловсруулах салбар, хүнд аж үйлдвэр хөгжиж, манайх зөвхөн хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бус хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортолдог улс болно. Үүгээрээ дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлэх юм. Цаашлаад томоохон аж үйлдвэрийн цогцолборууд бий болсноор бүс нутгийн хөгжил дээшилнэ. Говийн бүсэд хүн амын суурьшлын томоохон шинэ төвүүд бий болно. Ингэснээр Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно гэж тооцож байгаа. Манай хорооноос гаргасан тооцоогоор ажлын байрууд олноороо бий болсноор тэнд ажиллах хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэнэ. Иймээс БСШУЯ, МСҮТ-үүдтэй хамтран бид ойрын таван жилд ямар мэргэжилтнүүдийг бэлтгэх вэ гэдэг төлөвлөгөө гаргах ёстой. Энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Мөн хоёр том ордыг дагалдах үйлдвэрлэл өсч, гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэсэн эрэлтэд нийцүүлэн дотоодын томоохон үйлдвэрлэгчдийг дэмжиж хөгжүүлэх ёстой. Тухайлбал, нефть боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж оруулах нь чухал. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ консорциум болгох гарц бий. Манай дотоодын компаниуд цар хүрээ нь жижиг, хэдийгээр улсдаа том ч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар муутай байгаа. Иймээс бид тодорхой шалгуурыг давсан үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн тэлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цар хүрээг нь өсгөх томоохон үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах шаардлагатай. Хамгийн гол нь уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг бусад салбарын бүтээн байгуулалтыг бий болгоход зориулах ёстой. Ингэж байж манайх уул уурхайд хэт найдсан байдлаас гарна. Ер нь бол ойрын таван жилийн дотор улс орны нүүр царай их өөрчлөгдөнө.
-Эдийн засагт ийм өөрчлөлт гарах нь. Тэгвэл ард түмний амьдрал яаж дээшлэх бол. Өнөөдрийн тухайд Оюутолгойн гэрээг үзэглэсэн нь иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэх боломжийг нээж өгсөн. Үүнээс илүү их өгөөжийг хүмүүс хүсч байгаа нь лав?
-Хүмүүсийн орлого одоогийнхоос гурав дахин нэмэгдэнэ гэж би дээр хэлсэн. Зөвхөн уул уурхайн салбарынхны биш улсын хэмжээнд нийт ажиллагсдын цалин өснө. Өсөхдөө нэлээн их хэмжээгээр өсөх тооцоо бий. Энэ нь хөдөлмөрийн эрэлтийг идэвхжүүлж, зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол залуус хилийн чанадыг зорьж, гадаадад гарч ажиллах шаардлагагүй болно. Мэдээж иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэнэ. Үүнийг инфляц хөөрөгдөхгүй, төсвийн алдагдал бий болгохгүйгээр өгч, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Мөн удахгүй байгуулагдах Хөгжлийн банкинд ч хөрөнгө оруулалт орох утгаар өгөөжөө өгнө.
Нөгөө талаас ард түмний сэтгэхүй өөрчлөгдөж, үндэсний бахархал улам бэхжинэ гэж би бодож байна. Тодруулбал, манайх зөвхөн түүхий эд гаргадаг буурай хөгжилтэй орон гэсэн сэтгэхүйгээсээ салж илүү өндөр технологийг ашиглаж чаддаг, үйлдвэрлэгч, өөрөө бие даан эрчимтэй хөгжих бодлого, чадал бүхий орон гэсэн үндэсний бахархал бий болно. Бид XIII зууны түүхийг их ярьдаг. Тэгвэл тухайн үед их гүрнийг байгуулж чадаж байсан монголчууд өнөөдөр шинэ зуунд улс орноо хөгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй байж, хоорондоо бус дэлхийн зах зээлд өрсөлдөж, бүтээн байгуулж, нэгдсэн бодлоготой болж байна.
-Зарим хүнтэй уулзаад ярилцахад говийн бүсэд Эрдэнэт шиг хот байгуулах ёстой гэсэн санаа гаргаж байна лээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо говийн бүсэд шинэ хот бүтээн босгох талаар судалгаа, тооцоо хийсэн үү?
-Оюутолгойн ордод хамгийн ойр байдаг Ханбогд сум цаашдаа хот болж хөгжинө гэсэн төлөв бий. Одоо ч гэсэн энэ сумын олон залуучууд уурхайд ажиллаж байгаа. Тэгэхээр Ханбогд суманд худалдаа, үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшил ч, төр засаг ч хөгжүүлэх нь дамжиггүй. Ханбогдын хотжилтын төлөвлөгөөг боловсруулах ажил хэдийнэ эхэлсэн. Холбогдох яамд, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар төлөвлөгөө гаргаад, хөрөнгө оруулалтын тооцоог хийж байгаа. Иймээс говийн бүсэд шинэ хот босч, хөгжих нь гарцаагүй. Энэ бол хөрөнгө оруулалтын үр дүнд бий болох томоохон хөгжлийн шинэ төв байх юм.
-Боловсруулах үйлдвэрийн тухайд бидэнд ямар боломж байна вэ?
-Зэсийг баяжмалаар гаргахаас илүү хайлуулж, боловсруулах асуудал чухал байгаа. Саяхан Засгийн газраас баталсан Үйлдвэржилтийн хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд гэрээг үзэглэх ёслолын үеэр олон нийтэд мэдээлсэн. Том хэмжээний, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг зэрэг хайлуулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байгаа. Судалгааг үйлдвэрийн хүчин чадал, байршил, технологи гээд гурван талаас нь хийж буй гэж хэлж болно. Технологийн хувьд хамгийн аюулгүй, байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн технологи байна. Энэ технологийг “Рио Тинто” компантаитай хамтран ажилладаг компани боловсруулсан. Байршлын хувьд хоёр ордын хүдрийг зэрэг хайлуулах, экспортын зах зээлд ойр байх, дээрээс нь ихээхэн хэмжээний химийн хаягдал гарах учраас түүнийг дахин боловсруулах гэсэн шаардлага бий. Урьдчилсан байдлаар хэд хэдэн санал байгаа. Үүнийг харьцуулсан тооцоо судалгааг хийж буй. Ер нь экспортын зах зээлд ойр, хүн ам, эрчим хүчний талаасаа Дорноговь аймгийн Сайншанд боломжтой гэж бид үзэж байгаа. Уурхайн дэргэд байгуулж бас болно. Гэхдээ энэ тохиолдолд хүний нөөцийн төлөвлөгөөгөө шинэчилж, томруулах шаардлагатай. Эрдэнэтийг түшиглэсэн зэс хайлуулах жижиг үйлдвэр байгуулах бололцоо бас бий.
-Зэсийг баяжмалаар эсвэл хайлуулж гаргахад эдийн засгийн ашиг нь хэр зөрүүтэй байдаг вэ?
-Зэсийн баяжмал бол хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж хэлж болно. Бас баяжмалд эзлэх зэсийн агууламж бага учраас хямд. Гэхдээ тээвэрлэх зардал нь өндөр. Тэгэхээр харьцангуй хямд бүтээгдэхүүнийг их хэмжээний өртгөөр тээвэрлэх асуудал гарч ирнэ. Харин зэсийг хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд тээвэрлэлтийн зардал эрс буурна. Агууламж нь их учир үнэ нь өснө. Тэгээд ч зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нь Монгол Улс дотооддоо нэмүү өртгийг бий болгоно гэсэн үг. Хайлуулсан зэсээс ихээхэн хэмжээний кабель, катодын зэс гэхчилэн завсрын бүтээгдэхүүн гаргаж болно. Энэ нь бүр илүү үнэтэй. Ер нь бид аль ч салбарт түүхий эд гаргахгүй дотооддоо боловсруулалт хийнэ гэсэн бодолтой байх хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээний ач тус, өгөөж шимийн талаар төрийн түшээд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, мэргэжилтнүүд, иргэд ч хангалттай ярьж байгаа. Гэхдээ эсэргүүцэл бий. Тэдэнд ямар тайлбар чухал юм бол?
-Энэ гэрээний эргэн тойронд олон санал бодол, шүүмжлэл байдаг. Эдгээрээс “манайх яагаад ордыг 100 хувь ашигласангүй вэ" гэх шүүмжлэл дийлэнх. Минийхээр эл шүүмжлэл маш үндэслэл муутай. Тэд Эрдэнэтийг жишээ болгодог л доо. Гэвч Эрдэнэтийг тухайн үедээ манай улсаас бараг хөрөнгө оруулалт гарахгүйгээр босгоод, дараа нь хэлэлцээрийн явцад аажмаар Монголын эзэмших хувь өссөн.
Оюутолгойн ордын хувьд манай улс одоохондоо их хэмжээний хөрөнгө гаргаж, технологи нэвтрүүлж ашиглах бололцоо ерөөсөө байхгүй. Иймээс гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц. Манай өмчлөх хувь хуульд зааснаар 34, харин авах ашгийн хэмжээ 53 хувь. Энэ чамлахаар юм биш. Ерөөс уул уурхайн ордод тухай улс өндөр хувь эзэмшээд байх нь оновчтой бодлого биш. Яагаад гэхээр тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардал, эрсдлийг даах ёстой болдог. Эрсдэл ямар байдгийг бид сая хямралын үед харлаа. Зэсийн үнэ өндөр байхад манай эдийн засаг эрчимтэй хөгжөөд, ханш унахад хүнд цохилт болсон. Тэгвэл Оюутолгойд бид болгоомжтой хандах хэрэгтэй. Ирээдүйд дэлхийн зах зээлд ханшийн өсөлт бууралт бий болж болзошгүй. Ийм тохиолдолд манайх хэтэрхий өндөр хувь эзэмшиж байх юм бол тэр хэмжээгээр манай эдийн засаг савлана. Тэгэхээр эрсдлийг аль болох хөрөнгө оруулагчдад ногдуулаад улс өөрөө баталгаатай хэсгээ авах нь зөв. Ийм л стратеги бодлого байдаг.
-Энэ стратеги бодлогыг гэрээ байгуулсан ажлын хэсэг барьж чадсан гэж дүгнэж болох уу. Ер нь Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн ажилд ямар дүн тавих вэ?
-Сүүлийн зургаан жил хэлэлцээр хийгээд, манай төр, засгийн төлөөлөл, сайд нар ажиллаад байгуулж чадаагүй гэрээг энэ ажлын хэсэг байгуулж чадлаа. Тиймээс ажлын хэсэг маш сайн ажилласан гэж дүгнэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг Монгол Улсад, монголчуудад ашигтай хувилбараар байгуулсан гэж бодож байгаа. Тиймээс ажлын хэсэгт багтсан, гэрээг үзэглэсэн мэргэжлийн яамдын сайд нарын зүтгэлийг олон түмэн үнэлж, хүлээн зөвшөөрч байгаа нь лавтай. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Монгол Улсын хамгийн чухал зангилаа цэг дээр сууж байгаа хүн. Монголын эдийн засгийн тулгуур салбарыг хариуцаж буй сайд. Энэ утгаараа гэрээг монголчууддаа ашигтай байгуулах гэж их зүтгэж, сайн ажилласан. Цаашдаа Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжлөө хурдасгах үндэс суурийг тавилаа. Одоо Тавантолгой гэхчилэн томоохон ордуудыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал өмнө маань байна. Гэхдээ орд газраа өгөөжтэй ашиглах эхний алхмыг Д.Зоригт хийлээ.
-Хэрэв гэрээг байгуулаагүй байсан бол...Энэ тохиолдолд Танд хөгжлийн ямар боломж харагдаж байна?
-Манай улсын ирээдүй өөдрөг харагддаг. Яагаад гэвэл шилжилтийн хямралын арван жил ард үлдэж байна. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихэд олон хүн ажилгүй болж, аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орж, үнэ өсөх гэх мэт олон хүндрэл байсан. Үүнийг даван туулаад өнөөдөр дэлхийн зах зээлд орж ирж, цаашдаа эрчимтэй өсөх боломж бүрдлээ. Оюутолгой бол бодит боломж. Гагцхүү боломжийг бид ашиглах ёстой. Улс орноо хөгжүүлэхийн тулд гадаадаас хөрөнгө татаж, дотоодын нөөцөө үр өгөөжтэй ашиглах нь хамгийн зөв арга. Ордуудын орлогоор улс орноо хөгжүүлэх хөрөнгийн нөөцийг бий болгоно. Иймээс дараагийн таван жилд тухайлбал, манай хорооны тооцож байгаа дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын бүх дэд бүтэц шинэчлэгдэж, зам өргөжинө, эрчим хүчний сүлжээ найдвартай болно. Улсын хэмжээнд Өмнөговь, Дархан, Сэлэнгийн бүсэд томоохон уул уурхай, аж үйлдвэрийн төвүүд, Сайншандад орчин үеийн аж үйлдвэрийн парк байгуулагдана. Өөрсдөө нефть боловсруулж, төмөр замын сүлжээгээ өргөтгөж, баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэх ажлууд эхэлнэ. Онгоцны буудал шинэчлэгдэж, агаарын тээвэр хөгжинө. Ханбогд, Цогтцэций, Сайншанд, Замын-Үүд гэхчилэн шинэ хотууд бий болно. Эмнэлэг, сургууль, нийгмийн салбараа өөд татах бололцоо бүрдэнэ. Хэрэв Оюутолгойн гэрээг үзэглээгүй бол дараагийн таван жилд өнөөдрийн дүр төрх бахь байдгаараа байх байлаа. Харин гэрээг байгуулснаар энэ бүхнийг зоригтой хийж, ирээдүйн үүд хаалгыг нээж чадсан юм.
-Байгуулагдаад удаагүй Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны амжуулсан ажлын талаар сонирхоё?
-Манай хороо үндсэндээ гурван том үүрэгтэй. Нэгд, үндэсний хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах, хоёрт, улс орны техник, технологи, хувийн хэвшлийг дэмжих, гуравт, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох. Энэ дагуу манайх 2015 он хүртэл улс орны дунд хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулсан байгаа. Одоо Засгийн газраар хэлэлцүүлэх шатанд явж буй. Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргасан. Үүнд Оюутолгой, Тавантолгойгоос гадна бүх бүс нутагт томоохон орд, үйлдвэрүүдээр задаргааг нь нарийн гаргасан байгаа. Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд инновацийн хууль дээр ажиллаж байна. Өндөр технологийг Монголд хөгжүүлэх хөтөлбөрийг гаргаж, биотехнологийг эрчимтэй хөгжүүлэхээр бэлтгэж байна. Манай зүгээс ойрын таван жилд улс орны дүр зургийг яаж өөрчлөх вэ, яаж хөгжүүлж, шинэ төрхийг бий болгох вэ гэдэг чиглэлээр нэг талаас стратеги, нөгөө талаас хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, эцэст нь боловсон хүчин, хүний нөөц, эдийн засгийн үр дүнгийн зэрэг дагалдах тооцоог хийж буй. Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу улс орныг эрчмимтэй хөгжүүлэх бодлого, стратегийг бэлэн болгож, нийтэд танилцуулахаар зэхэж байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: