Сангийн сайд С.Баярцогт Нийгмийн даатгалын татварыг гурван хувиар нэмэгдүүлэх болон 18 нас хүртэлх насны хүүхэд улсын эмнэлгээр үнэ төлбөртэй үйлчлүүлнэ гэсэн хуулийн төслийг боловсруулаад байгаа билээ. Үүнийг эсэргүүцэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Тэрбээр Засгийн газрын боловсруулсан хуулийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм.
-Та суулт хийгээд тав хонолоо. Засгийн газраас ямар нэг хариу өгөв үү?
-С.Баярцогтоос "Ганбаатар аа чи ухаалаг бай, мэргэжлийн бай" гэсэн утгатай нэг бичиг ирсэн. Юу гэж ойлгох вэ? Ард түмнийг хэлээд байна уу гэж бодлоо. Тэрэн шиг "жул" улс төрч ийм юм хэлдэггүй л байх. Ер нь юуны төлөө суугаад байгаагаа тодорхой тайлбарлахад аливаа улс оронд хүн бүр сайхан амьдрах боломжтой. Монгол орны нийгмийн хямралын шалтгаан нь Монголд байгаа баялгаа хуваарилаж чадахгүй байгаад оршиж байна. Маш олон хүн ажилгүй ядуу амьдарч байгаа нь үүнтэй холбоотой. 2000 онд улсын төсөвт 400 гаруй тэрбум төгрөг байсан, 2009 он гэхэд 2,5 триллион төгрөгтэй болсон. Монгол Улсын төсөвт мөнгө байгаа. 2000 онд 80 мянга орчим иргэн нэн ядуу байсан бол 2009 онд улсын төсөв зургаа дахин нэмэгдчихээд байхад 88 800 болж нэмэгдлээ. Энэ бол эдийн засгийн баялгийн хуваарилалт шог байна гэсэн үг. Чинээлэг хүмүүс улам чинээлэг болж жирийн иргэд улам ядуурсаар, жижиг дунд бизнесийнхэн өрөнд орж дампуурсаар байна. Энэ нь нийгмийн баялгийг буцаан хуваарилдаг механизм эвдэрчихсэн байна гэсэн үг.
-Сангийн сайдын өргөн барьсан хуулийн төсөл буруу гэж та хэлж байна. Үүнээс болж үүсэх эрсдэлийг эдийн засагч хүний хувьд дүгнэвэл. Хэрэв таныг сонсохгүй бол цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Нийгмийн баялгийг буцааж хуваарилдаг механизм бол нийгмийн даатгал. Хүмүүс ажилгүй болоод өндөр насны тэтгэвэрт гарахад өвдөхөд нийгмийн даатгалыг төрөөс буцаан олгох хэрэгтэй. Ийм механизм бидэнд дутаад байна. Иймээс л би өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцоог аврах гэж тэмцэж байна. Өнөөдөр улсын төсөвт иргэд ирээдүйгээ баталгаажуулж өгсөн хоёр их наяд төгрөг байхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2015 оноос хойш тэтгэвэрт гарах хүн сард 25 мянган төгрөг, Монгол Улсын ерөнхийлөгч 108 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Энэ эвгүй байдалд орсон системээ аврахын төлөө юу хийхээ хүн бүр бодох хэрэгтэй. Улмаар нийгмийн даатгалын мөнгөө хариуцлагагүй зарцуулж алга болгочихоод Сангийн сайд С.Баярцогт нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмж авах, мөн эхчүүд хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ төлбөр төлөх хуулийн төслийг оруулсан нь төр эх, хүүхдийн эрүүл мэндийг хариуцдаг хариуцлагаасаа татгалзаж зугтааж байна гэсэн үг. Сангийн яам санхүү, эдийн засгийн хямралаас гарахын тулд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг золиосолж байна. Энэ бүх тэнэг шийдвэрээ буцааж татахгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо суулт хийсээр байх болно.
-Засгийн газрыг хэр хугацаанд хүлээх вэ. Дараагийн алхам?
-Хэрэв Зсгийн газар дүлий дүмбэ байвал нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байхыг улс орон даяар уриална. Татвар төлөгч эздийн холбооныхонтой хамтарч татвар төлөхгүй байхыг уриалж кампанит ажил зохион байгуулахаа мэдэгдэж байна. Энэ талаар аравдугаар сарын 28 хүртэл бидэнтэй хэлэлцээр хийх боломжийг Засгийн газар, УИХ-д олгож байна. Яагаад гэхээр жоомоо шатаах гээд байшингаа шатаахгүй гэсэн арга хэмжээ юм шүү.
Т.Эрдэнэсувд

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: