Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өчигдрөөс суулт хийж эхэллээ. Тэрбээр нийгмийн даатгалын сангийн мөнгийг эргүүлэн төлөхийг төрөөс шаардаж байгаа юм. “Монгол Улсын Засгийн газар өрөө төл”, “Сангийн сайд С.Баярцогт танаа” гэсэн үгс бүхий самбарыг майхныхаа гадна байрлуулсан харагдана. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
- Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар яагаад төлөхгүй юм бол?
-Нийгмийн даатгалын санд байх учиртай 1,7 их наяд төгрөгийг Засгийн газар өөр зүйлд зарцуулан өр үүсгэсэн. Тэр мөнгийг 2015 он гэхэд гүйцээж хийхгүй бол нэрийн данснаас тэтгэвэр авах хүмүүс сардаа 25 мянган төгрөг л авах болчихоод байна. Тэр мөнгөө нөхөхийн тулд Сангийн сайд С.Баярцогт нийгмийн даатгалын шимтгэлийг 23 хувь болгож нэмэх хуулийг төслийг санаачлаад байгаа. Энэ бол буруу алхам. Ингэж өөрсдийн үрэн таран хийсэн мөнгөө хөдөлмөрчдийн нуруун дээр тохож болохгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2007 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн тэмцлийг үр дүнд хүргэхийн төлөө хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хямралын хэцүү цаг үед жирийн ажилчин хүн ажилгүй болох магадлал өндөртэй байна. Хүмүүсийг орлоготой байлгахын төлөө, тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийн амьжиргааны мөнгийг нь бүтэн байлгахын төлөө нийгмийн даатгалын механизмыг зөв гольдролоор явуулахын төлөө МҮЭХ өнөөдөр тэмцэж байгаа. 1,600 мянган хүнийг босгож хүйтэнд дааруулан жагсаал цуглаан хийлгэхээс өмнө надад итгэл найвар өгсний хувьд ерөнхийлөгч эхэлж суулт хийх ёстой. Өнөөдөр Монголын засгийн газар учраа мэдэхгүй яаж гарах аргаа олохгүй байна. Гарах арга замаа хамтдаа хэлэлцэе. Ийм арга зам байна гэдэг гарцыг хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцъя.
-Ямар гарц бий гэж?
-Бүтэн хоёр жил ярьж байгаа гарц байна. Нийгмийн даатгалын тогтолцоо гажуудчихаад байна. Гажуудлыг засахын тулд Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор хоёр их наяд орчим төгрөгийг монголын ард түмэнд өгөх юм банйа гэдгээ өөрөө тодорхой болгосон. Үүнийгээ 139 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Харин хэрэгжүүлэхгүй байна. 2008 онд эхлээд 50 тэрбум төгрөг, дараа нь 55 тэрбум төгрөг, 2009 онд 113 тэрбум төгрөг, 2010 онд 213 тэрбум төгрөг хийгээд явахад 2015 хүртэл хоёр их наяд төгрөгөө үндсэндээ төлж дуусах юм. Хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг суулгаж байгаад арвижуулах аргаа бодох хэрэгтэй. Хоёр их наяд төгрөг байх ёстой санд өнөөдөр 188 тэрбум төгрөг л байна. Ийм байхад тэтгэвэр авах баталгаа алга. Энэ бол аюул. Монгол улсын нийгмийн байдал аюултай болж эхэлж байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй. 139 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн мөнгөө буцааж төлөөгүй, өөрсдийн үүргээ биелүүлэхгүй мөртлөө жирийн ард иргэдийн төлдөг 20 хувийн шимтгэлийг 23 хувь болгож нэмэх гэж байгаа нь буруу. Засгийн газар хэний төлөө үйлчлэх ёстой юм бэ. Хаашаа мөнгөө хийх ёстой вэ гэдгээ ойлгохоо больсон байна.
-Бас эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдэх гэж байгаа?
- Төр 0-18 хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг дааж байна. Энэ нь жилдээ 5,6 орчим тэрбум төгрөг. Сарын 500 төгрөг төлж байгаа. Үүнийг сарын 1000 төгрөг болгох гэнэ. Нэмж байгааг бол дэмжинэ. Гагцхүү эцэг, эхээр нь төлүүлэх гэдэг нь буруу. Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн даатгал төлөх нь битгий хэл хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй иргэд олон байна. Хүмүүс тэр мөнгийг төлөх боломж алга. Боломж хүсэл хоёр нийцэх албагүй. Боломжгүй зүйлийг ард түмнээс шаардаж хүүхдүүдийн эрүүл мэндийг золиослох гэж байна. Хүүхдүүд эмнэлэгт үзүүлэх боломжгүй болно. Ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг золиослож хямралыг давах гэж байгаа нь дэндүү их үнэ цэнэ. Хүүхдүүдийн эрүүл мэндээр хямралыг үнэлж байна. Арай биш юмаа. С.Баярцогт гэдэг залуугийн толгойд яагаад ийм бодол орж ирдэг байнаа. Би гайхаж байгаа. Энэ сарын 15-нд МҮЭХ-ноос Ерөнхий сайд С.Баярт ил захидал хүргүүлсэн. Бид өмнөх жилүүдэд төлөх ёстой байсан мөнгийг 2010 онд төлөх 213 тэрбум төгрөгийн хамт 2010 оны улсын төсөвт суулгахыг шаардаж байна.
-Хэрэв хэлэлцээр хийхгүй бол яах вэ?
-Хийнэ гэдэгт найдаж байгаа. Энэ байдлаар алдагдалтай яваад байвал цаашид шийдэхэд бүр хэцүү болно. Ерөнхий сайд С.Баяр болон Шадар сайдыг энэ асуудлыг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Манай гишүүн байгууллагын төлөөлөгчид хамт тэмцэхээ илэрхийлсэн. Нэг их хурцадмал байдал үүсгэхийг хүсэхгүй байна. Нийгмийн даатгалын мөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Ард түмний хөдөлмөрийн хөлс гэдгийг ухаарах хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээр хийтэл сууна. Магадгүй сар ч болж мэдэх юм.
Б.Гандолгор

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: