Удахгүй тэмдэглэх нийслэлийн 370 жилийн ойг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар “Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэлээ. Эрүүл мэндийн тусламжийн анхан ба хоёрдогч шатлалын түвшинд архинд донтох өвчний эрт илрүүлэлт, эмчилгээ, хяналтын менежментийг сайжруулах, архинд донтох өвчний үед дүүргүүдийн хэмжээнд үзүүлж буй наркологийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Архинд донтох өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн анхан ба хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” сэдэвт болзолт уралдаан зарлажээ. Уг уралдааныг дүүргийн эмнэлгүүдийн Наркологийн кабинет, өрхийн эмнэлгүүд, хороо, ТББ, эрүүлжүүлэх байрны эмч нарын дунд тавдугаар сарын 20-ноос энэ сарын 20 хүртэл таван сарын хугацаатай зарлаж, өнөөдөр дүгнэж байна. Энэ удаагийн болзолт уралдаанд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, Наркологийн кабинет, өрхийн эмнэлэг, эмч, сувилагч, эрүүлжүүлэх байрны эмч, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг оролцуулахаар шалгуур үзүүлэлтийг тус бүрд нь гаргасан бөгөөд болзолт уралдаанд 15 байгууллагаас ирсэн 25 материалд үнэлгээ хийж шалгарууллаа.
Эрүүл мэндийн нэгдлээс Налайх болон Баянзүрх дүүргийн эмнэлэг эхний байруудад, өрхийн эмнэлгээс Баянзүрх дүүргийн 10-р хорооны “Цэн-Оюу” өрхийн эмнэлэг, төрөлжсөн эмнэлгээс Яаралтай түргэн тусламжийн төв, эмч нараас Чингэлтэй дүүргийн наркологийн кабинетын эмч О.Бямбасүрэн, Баянзүрх дүүргийн Наркологийн кабинетын эмч Ч.Тогооч, Сүхбаатар дүүргийн Наркологийн кабинетын эмч Д.Батболд, Наркологийн төвийн их эмч Б.Оюунчимэг нар шалгарчээ.
Б.Ганаа

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: