Эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд тодорлоо
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд тодорлоо

 ЭМЯ-наас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гардуулж баяр хүргэлээ. Энэ жил Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар  Баянгол дүүргийн тэргүүний 120 дугаар цэцэрлэг,  Хөвсгөл аймгийн Их- Уул сумын 12 жилийн ахлах сургууль, Баянгол дүүргийн тэргүүний 93 дугаар цэцэрлэг тус тус шалгарч “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” цом өргөмжлөл, 500,000-1,500,000 төгрөгийн урамшуулал хүртэцгээлээ.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг зан үйлтэй болгох үйл ажиллагааг бүх талаар дэмжих Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах болзол, журам батлах тухай” 2002 оны 176 тоот тушаал гарснаар Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг улсын болон орон нутгийн хэмжээнд шалгаруулах, тэдгээр байгууллага, хамт олны үйл ажиллагааг үнэлж дүгнэх боломж бүрдсэн.

Эрүүл мэндийг дэмжигч таатай орчин бүрдүүлсэн сум байгууллага, хамт олны санаачлагыг урамшуулан дэмжих зорилгоор  улсын хэмжээний  нийт сумдын дунд  “Эрүүл мэндийг дэмжигч загвар сум” шалгаруулах  болзолт уралдааныг  2003 онд зарлан дүгнэсэн.  Уралдаанд нийт 50 гаруй сум оролцон Хөвсгөл аймгийн Тариалан, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумд эхний гурван байранд шалгарч “Эрүүл мэндийг дэмжигч загвар сум” өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнагдсан бөгөөд эрүүл мэндийг дэмжигч загвар сумдын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ зохион байгуулсан нь бусад сумдад үлгэр дууриал болжээ.   

Мөн 2005 онд Хөвсгөл аймгийн 3-р сургууль, Тариалан сумын эмнэлэг, Дархан-Уул аймгийн Дархан дулааны сүлжээ ХХК, Дорнод аймгийн 8-р сургууль, Нийслэлийн 33-р сургууль, 2008 онд  Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цех, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 11 жилийн дунд сургууль “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарч байсан юм.  

Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах журам, болзол батлах тухай” тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 сарын 15-ны 184 тоот тушаалаар шинэчлэн баталсан. Дараа жилээс шинэ тушаалын дагуу шалгаруулалтаа хийнэ.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох хөдөлгөөн өрнүүлэх, дэмжиж урамшуулах  нь  хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны хүчин зүйлсийг  багасгаж, эрүүл орчинд амьдарч, сурч, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн эрүүл  мэндийн байдал сайжран, сэтгэл ханамж нэмэгдэн, амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж  дээшилж, тогтвортой хөгжил буй болдог.

Эрүүл мэндийг дэмжигч болох зорилт тавин ажиллаж буй иргэн, өрх, байгууллага, хамт олны тоо нэмэгдснээр иргэд, хамт олон эрүүл аж төрөх  зан  үйлд суралцахад эерэгээр нөлөөлж байгаа.  

Шагнал гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлэхдээ “Орон нутгийн түвшинд 2001 оны байдлаар 51 байгууллага  ЭМДБ  болох хөдөлгөөн өрнүүлэн үйл  ажиллагаа явуулж байсан бол 2009 оны байдлаар 256 гаруй байгууллага болж байгаа хэдий ч улсын хэмжээнд шалгаруулах шатанд ирж байгаа байгууллагуудын тоо цөөн, ирж байгаа байгууллагуудын ЭМД чиглэлээр хийж байгаа ажлын чанар сайн биш, хоёр дахь шатны шалгуурыг  бүрэн хангаж чадахгүй байна.  

Улсын хэмжээнд нийт 10 байгууллага шалгараад байгаа нь чамлалттай байна. 2005 оноос тодорхой санхүүжилтгүй, орон нутгаас шалгаруулалтад ирсэн материалын тайлан хангалтгүй байснаас эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулж чадахгүй байсан. Одоо Эрүүл мэндийг дэмжих сантай болсноор Эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагаа эрчимжиж эхлээд байна.

Шалгарсан байгууллагуудын ихэнх нь сургууль, цэцэрлэг байгаа нь талархууштай. Өсч, бойжиж байгаа хүүхдүүдийн сурч, хүмүүжиж буй орчин нь эрүүл мэндийг дэмжиж, эрүүл орчин бүрдүүлж, бага наснаас нь эрүүл зан үйлийг төлөвшүүлж, эрүүл аж төрөх ёсод сургаж  байгаа нь сайшаалтай” гэж цохон тэмдэглэлээ.

Улсын эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох нь маш их үүрэг, хариуцлага, нэр төрийн хэрэг билээ. Та бүхэн өөрийн байгууллагыг эрүүл мэндийг дэмжигч байгуулага болгоод зогсохгүй, өөрийн байгууллагын цаашдын тогтвортой байдлыг хангах, өөр бусад байгуулагуудад үлгэр дууриал болох, тэднийг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа эхлүүлэхэд нь хамтран ажиллах, тусалж дэмжих өндөр үүрэг хариуцлага  оногдож байна гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэллээ.

 Г.Дарь

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.