Маргааш Ерөнхийлөгч шүүхийнхэнтэй уулзана

Хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхыг амласан шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө маргааш уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Харин маргааш өөрийн биеэр явж шүүхийнхний ажилтай танилцахаар болжээ. Өглөө 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхээс ажлаа эхлэх Ерөнхийлөгч 11.00 цагт Нийслэлийн шүүх, 12.00 цагт Улсын дээд шүүх дээр очиж ажил байдалтай нь танилцан тэдний санаа бодлыг сонсож, нээллтэй ярилцах гэнэ.

Б.ГАЛ

Ерөнхийлөгчийн эхний алхам

 -Шүүхийн эрх мэдлийн байгууллагад шударга ёс тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байх ёстой гэж амласан шинэ Ерөнхийлөгч юуны өмнө энэ салбарын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэхээс ажлаа эхлэх нь-

Телевизүүдээр гарч байгаа реклам сурталчилгааны роликууд хүртэл нэлээд өөрчлөгдчихөж. Бизнесийн шинэ санаа, шинэ бараа үйлчилгээгээ рекламдахдаа "Өөрчлөх үү", “Өөрчилье” хэмээн уриалж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан шинэчлэлтийн уриа хүрээгээ тэлж, хувийн хэвшлийнхэнд халдварлаад амжив. Өөрөөр хэлбэл, олон нийт шинэ Ерөнхийлөгчийн хэзээ мөдгүй хийх шинэчлэлт өөрчлөлтийг хүлээж байна. Ямар ч байсан Монгол Улсын дөрөв дэх, ардчилсан хүчнээс гарсан анхны Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолоо хүртэл нэлээд шинэлэг байдлаар эхэлсэн. Өмнөх Ерөнхийлөгчдөөс ялгаатай нь тэр Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулган дээр тангараг өргөснийхөө дараа Сүхбаатарын талбайд нийт ард түмний өмнө үг хэлэв. Энэ удаад хэлсэн үгэндээ ч гэсэн сонгуулийн үеэр амласан амлалтуудаа биелүүлнэ гэдгээ нотолсон. Түүний хамгийн түрүүнд амласан зүйл нь шүүхийн байгууллагад шударга ёс тогтоох, хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх явдал. Сонгогчдын зүгээс хамгийн их “оноо” цуглуулсан зүйл нь. Нийгэмд шударга ёс тогтоохыг амласан түүний “Авлигачдын нурууг бөгтийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэдэг үг сөрөг намынханд нэлээд түгшүүр төрүүлж, “Ард түмнээ авлигачин, авлигачин бусаар нь хоёр хуваалаа” хэмээн зэмлэж байсан ч гэсэн тэр эхний алхмуудаа хийж эхлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт анхныхаа захирамжийг гаргасан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт гурван захирамж гаргажээ. Ерөнхийлөгч Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны үнэт зүйлсийг монголчууд хүүхэд наснаасаа ойлгож мэдэх ёстой гэж үзээд ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрхийн сэдвээр хичээл оруулахаар анхны захирамжаа гаргасан байна.

Үүнээс хойш тэрбээр Тамгын газрынхаа даргаар өөрийнх нь сонгуулийн кампанийг удирдаж ажилласан Д.Дорлигжавыг томилж, орон тооны зөвлөхөөрөө Ардчилсан намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, “Ganzorig consulting inc” компанийн захирал Г.Ганзориг, Сангийн сайд асан П.Цагаан, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дашдорж, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Батчимэг, “Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэл, "NTV” телевизийн захирал асан А.Ганбаатар, Ч.Отгочулуу нарыг томилсон. Харин өчигдөр хийсэн шинэхэн томилгоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газар дахин гурван хүнээр бүл нэмсэн нь Ногоон намын Э.Зоригт, ИЗН-ын Р.Болд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр нар. Эхний өдрийн томилгоогоор гарч ирсэн зөвлөхүүдийн хувьд олонхи нь нийтэд танигдсан, хэвлэл мэдээллийнхний зүгээс ч албан тушаалд очих нь дамжиггүй гэж үнэлэгдсэн хүмүүс. Харин өчигдөр хийсэн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намтай хамтарч сонгуульд орсон Ногоон нам болоод Иргэний зориг намынхныг Тамгын газартаа багтаасан нь улс төрийн соёлын хувьд ч “Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” талаасаа ч зүй ёсны алхам гэж үзэгдэж байгаа.

Өнгөрсөн баасан гаригт гаргасан Ерөнхийлөгчийн удаах захирамжуудаар шүүх засаглалын эрх мэдлийг боловсронгуй болгох, өршөөл үзүүлэх тухай асуудлаар хоёр тусад нь ажлын хэсэг томилсон явдал байлаа. Шүүх эрх мэдлийн хуваарилалт болон томилгооны асуудал улс төрийн хүрээнийхний хувьд маргаантай сэдэв байсаар ирсний дээр Монгол Улсын гурав дахь засаглал гэж нэрлэгдсэн энэ салбарынхан зөвхөн нэг хүний, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилсээр ирсэн тухай шүүмжилдэг. Шүүхийн эрх мэдлийн байгууллагад шударга ёс тогтоох, хуулийн өмнө хүн бүр тэгш эртэй байх ёстой гэж амласан шинэ Ерөнхийлөгч юуны өмнө энэ салбарын тогтолцоог боловсронгуй болгох, шинэчлэхээс ажлаа эхлэх бололтой.

Харин Өршөөл үзүүлэх асуудал бол өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хэргээр хилсээр ял хүлээсэн залуусыг анхааралдаа авч буй эхний нэг алхам байх гэж олон нийт үзэж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүрэн эрхээс дуусгахын өмнө энэ хэрэгт оролцсон хүүхэд эмэгтэйчүүдэд уучлал үзүүлсэн боловч, хэрэгт холбогдогчдын олонхи нь 3-7 жилийн ялтай хэвээрээ үлдсэн. Энэ нь цаагуураа долдугаар сарын 1-ний үйл явдал зохион байгуулалттай гэмт хэрэг байсан, төр ийм тохиолдолд төмөр нүүрээ харуулах ёстой гэсэн айдсыг ард түмэнд хэвээр үлдээх гэсэн МАХН-ын хонзогнол ч байж магадгүй. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд дээрх үйл явдлыг шударга бус сонгуулийн эсрэг ард түмний хийсэн шударга тэмцэл байсан гэдэг байр сууриа санал хураалтын өмнөх өдөр өрсөлдөгчтэйгээ мэтгэлзэх үедээ ч хатуу хамгаалсаар байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцож, “төрийн эсрэг гэмт хэрэг” хэмээн яллагдсан залуус суллагдах байх гэдэгт олон нийт болоод хоригдогсдын ар гэрийнхэн найдвар тавьж байна. Харин хуулийг Ерөнхийлөгч биш, УИХ баталдаг болохоор үүнд хэр хугацаа зарцуулахыг хэлэхэд хэцүү. Одоогоор сөрөг нам буюу УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдээс Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй /тэгэх цаг нь ч болоогүй/ хэдий ч шинэ Ерөнхийлөгчийг асуудалд “хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр” хандахгүй байхыг анхааруулсаар байгаа.

Б.АМАР

 

Ерөнхийлөгч захирамж гаргажээ
Ерөнхийлөгч Хууль хяналтын байгууллагыг боловсронгуй болгох, өршөөл үзүүлэх сэдвээр захирамж гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анхны захирамжуудыг сэтгүүлчдэд танилцууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт гурван захирамж гаргажээ. Ерөнхийлөгч Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны үнэт зүйлсийг монголчууд хүүхэд наснаасаа ойлгож мэдэх ёстой гэж үзээд ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт Үндсэн хууль, эрх чөлөө, хүний эрхийн сэдвээр хичээл оруулахаар анхны захирамжаа гаргасан байна. Шүүх, хууль тогтоох байгууллагыг өөрчлөн шинэчлэх зорилгоор шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагыг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авах асуудлаар хоёр дахь захирамжаа гаргажээ. Мөн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, өршөөл үзүүлэх тухай гурван тоот захирамж гаргажээ.

                                Д.ОЮУН /2009.06.19/

 

Эрдэнийн хувийн тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Батбаяр, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү нар Эрдэний хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

    Монгол Улсын Үндсэн хуулинд “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан билээ. Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх жин нэмэгдэж, тус салбарын үйлдвэрлэлт, борлуулалт, экспортын хэмжээ эрс өсч байгаа боловч байгалийн баялгийн өгөөжөөс  хүн амд ногдох хувь хэмжээ туйлын бага хэвээр байгаа юм. Ойрын үед Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ болон эл салбараас улсын төсөвт хуримтлагдах орлого олон дахин өсөх төлөвтэй байна. Түүнчлэн 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулж байгалийн баялгийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим чухал зохицуулалт хийсэн боловч Үндсэн хуулийн дээрх үзэл баримтлалыг шууд хэрэгжүүлэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэнгүй гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзэж байгаа аж.

     Иймээс тэд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг захиран зарцуулж, уул уурхайн болон нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийх замаар орлого хуримтлуулж олсон ашгаасаа Монгол Улсын бүх иргэнд хувьцаа эзэмшүүлэн ногдол ашиг хуваарилдаг үндэсний хэмжээний корпораци байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төсөл санаачилсан байна. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон хоёр намын хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, парламентад суудалтай Ардчилсан нам, МАХН-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухайлсан заалтуудтай бүрнээ нийцэж байгааг хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

     Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ хуулийн төсөл нь зургаан бүлэг, 18 зүйлтэй юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

 

Ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

Ерөнхий сайд С.Баяр Япон-Монголын парламентын бүлгийн дарга, Ерөнхий сайд Т.Асогийн бие төлөөлөгч,  ноён Ц.Такэбэг хүлээн авч уулзлаа.  

Тэр Япон улстай харилцах харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирсэн Япон Улс эдийн засгийн хямралтай үед ч тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна гээд тус улстай уул уурхайн салбарт, тэр дундаа ураны хайгуул, судалгаа хийх, баяжуулах, цөмийн эрчим хүч ашиглах, мэргэжилтнээ бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ. Мөн Монгол Улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх “Хөгжлийн банк”  байгуулахыг зорьж байгаа. энэ үед хоёр улсын банк, санхүүгийн байгууллагууд хамтрах, эдийн засгийн тогвортой өсөлтийг, ялангуяа ашигт малтмал, эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж буйг харгалзан худалдаа, хөрөнгө оруулалтыг  дэмжих,  мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж экспортлох, мал эрүүлжүүлэхэд Японоос техник, технологийн тусламж авах, хамтран ажиллах сонирхолтой гэдгээ ч онцолжээ. Харин ноён Такабэ Япон-Монголын харилцаа нь хоёр орон төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаа гэж гэдгийг дурьдаад хоёр орны харилцаа улстөрийн салбарт идэвхтэй хөгжиж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийхээр төлөвлөж буй айлчлал эдийн засгийн харилцааны шинэ эхлэл байх болно гэжээ.

Б.ГАЛ /2009.06.19/

Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдө
   12 цаг 55 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгч

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Ерөнхийлөгчийн

тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр

ард түмэндээ хандаж хэлсэн үг

 

Элэг нэгт миний Монголын ард иргэдээ,

Ард түмнийхээ үнэнч үйлчлэгч төрийн түшээдээ,

Эрхэм зочид, хатагтай ноёдоо,

Монголын ард түмэн түүхэн эгзэгтэй цаг мөчид хариуцлагатай сонголт хийж чадлаа. Монгол улсын иргэн хэн ч бай төр улсынхаа амин чухал асуудлыг шийдэхэд оролцогч байхаа илэрхийллээ. Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн маань түүхэн сонголтоороо нотоллоо. Ард түмэндээ баярлалаа.

    Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн мөнгө төсөв, хөрөнгийг ч ард иргэд л бүтээж цуглуулж босгодог. Төр бол ард түмнийхээ ивээлээр тогтдог бүтэц. Ийм л ардчилсан зарчим Монголд тогтож байгааг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.

    Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон. Харин улс үндэстэндээ шударгаар үйлчлэн туслагчийг шаардаж байгаа газар. Миний бие Монголын ард түмнээс сонгогдож “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлнэ” гэж сая тангарагласнаар ард түмэндээ үйлчлэн туслах үүргийг хүлээж авлаа. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж, дэмжээгүйнх нь итгэлийг авч ажиллана.

    Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй, шударгаар явуулж амжилтад хамтдаа хүрэхийн төлөө асар их чармайлт гарган ажилласан журмын мянга мянган нөхөддөө баярлалаа. Улс үндэснийхээ эрх ашгийг бусдаас илүүтэй дээдэлж хамтарч ажилласан нам, хөдөлгөөн, байгууллага, иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Нам, үзэл сурталд баригдалгүй шударга ёсны төлөө намайг дэмжсэн иргэнлэг бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

    Эх орноосоо алсад байгаа ч газрын хол ойрыг умартан чин сэтгэлээсээ дэмжсэн дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ баярлаж байна. Ард иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө сонгуулийн бүх шатны байгууллагад иргэнлэг зүтгэл гаргаж ажилласан нийт хүмүүст шударга сонголт хийсэн ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн, сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Намбарын Энхбаяр танд болон танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

    Эрхэм төрийн түшээдээ,

    2009 оны 5 дугаар сарын 25-ны цагаан морь өдрийн шинийн нэгний өглөөг Монголчууд шинэ баяр хөөрөөр угтсан. Тэр өглөө Монголын түүхт газар шороо, ард түмэн шинээр сэрсэн. Нийгэмд хуралдсан айдас хүйдэс, худал хуурмаг, хүмүүсийн бие сэтгэлийн дарамт шинэ өглөөний нарны гэрэлд арчигдах сүүдэр адил алга болсон. Монгол хүн бүр нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун, толгой өндөр амьдрах боломжоо мэдэрч чин сэтгэлээсээ баярласан. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнхөө гараар бүтээсэн баяр бахархал юм.

    Энэ түүхэн сонголт нь Монголын нийгэмд шинэ дэг жаягийг авч ирлээ. Монголчууд хувь заяагаа өөрсдөө тодорхойлно гэдгээ дахин нотоллоо. Хүмүүс шударга ёсыг, өөрчлөлтийг хүсэж байгаагаа харууллаа. Эрх чөлөөндөө, эд баялагтаа эзэн байна гэдгээ хэллээ. Энэ хүсэл тэмүүллийнх нь илэрхийлэл болж ажиллахыг төрийн түшээд та бидэнд даалгалаа.

    Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа эзлэгдэж унаснаас, дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигалд идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлигал нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлигал Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе гэж төрийн түшээддээ, ард түмэндээ хандан би уриалж байна.

    Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төрийн албаны бүх түвшинд энэ цаг мөчөөс эхлэн зогсох ёстойг хатуу анхааруулъя. Дотоод гадаадын хэний ч бай Монгол улсад авлигаар ажил бүтэхгүй, энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа.

     Эрхэм гишүүд, төрийн түшээдэд сонордуулахад хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэхгүйгээр нийгэмд бүрэн хэмжээгээр шударга ёс тогтож чадахгүй. Аливаа хууль тогтоомж нь төрийн эрх мэдлийн үргэлжлэл биш харин тухайн төрийг сонгож байгуулсан ард иргэдийн эрх чөлөө, хүсэл сонирхлын илэрхийлэл байх ёстой.

     Төрийн хууль шийдвэр нь эрхтэн дархтаны эрх ямбыг тойрч биш, иргэн хүний эрэлт хэрэгцээг тойрч бүтдэг байх нь та бидний байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийн мөн чанарт нийцнэ. Иймээс төрийн хууль шийдвэрийн боловсруулалт, хэлэлцүүлгийн нээлттэй, ил тод байдал болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангахад Ерөнхийлөгчийн хувьд би онцгой анхаарч ажиллана.

 

    Хууль хяналтын байгууллагын ажилтнуудаа,

    Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил гэдгийг би сайн мэднэ. Ард олныхоо хүлээлт болсон энэ ариун үйл хэргийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, иргэн хэнийг ч болов би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэмжинээ. Бүр бүх талаар урамшуулж хамгаалж ажиллана. Харин албан тушаалтанд, өнгө мөнгөнд найр тавьсан, жирийн иргэн ядуу дорой нэгэнд хатуурхаж дээрэлхсэн тийм байдал, хандлагыг үл тэвчинээ.

    Улс оронд шударга ёс тогтооход шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстойг хэн хүнгүй ярьж байна. Энд шинэчлэл хэрэгтэй шүү гэж хүн бүр надад захисан. Тэр шинэтгэлийг ул суурьтай, тууштай хийх болно.

     Шударга ёсыг хэрэгжүүл гэсэн ард түмнийхээ үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй, тийм ёс суртхууны эрхээ алдсан, шударга бус албан тушаалтнууд Монголын төрд эртхэн зайгаа тавих ёстойг сануулъя. Төрийн албаны, ялангуяа хууль шүүхийн байгууллагын хараат бус, шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн дүүрэн ашиглаж төрийн шударга албатуудыг үл ялгаварлан хамтран ажиллана гэдгээ бас хэлье.

 

    Эрхэм хүндэт сонгогчид оо,

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг улс орныхоо хөгжил дэвшлийн эгзэгтэй, бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгож байна. Сонгогч олон түмний хүлээлт ч өндөр байгааг мэдэрч байна. Ард түмний маань хүсэн хүлээсэн, бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар амалсан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь, бас шинэ сорилт бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, эрх эрх чөлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэргээсээ би алхам ч ухрахгүй. Монгол орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтэй зүтгэж ирсэн ард түмнийхээ захиа даалгаварыг ч мартахгүй.

    Монголын  ард түмэн эрх чөлөө, шинэ сонголтынхоо төлөө багагүй зовлон зүдгүүрийг туулсан. Өнөөдөр Монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шинэ боломжууд нээгдэж байна. Бас шинэ сорилтууд тулгарч байна. Бид авлигал, ядуурал, ажилгүйдлийн тухай олон жил ярьж бас олон арга хэмжээ авсан боловч нийгмийн энэ хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлтийг хийж чадаагүй л байна. Үүнд олон улсын санхүүгийн хямрал улам нэрмээс болж байдал сайжрах төлөв мөддөө ажиглагдахгүй байна. Гэхдээ шударга ёсыг тогтооход бид энд тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялгийн хувиарлалт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг Та бид өөрсдөө л хийнэ.

    Монголчууд эх орондоо, төрийн ордондоо тулгамдсан асуудлаа хэлэлцэж бие даан шийддэг болсон нь том ололт. Гэхдээ бодит эрх мэдлийг иргэн бүрийнхээ мэдэлд, өдөр тутам ажиллаж амьдарч байгаа сум, баг, хороо, хот сууринд нь хүргэж өгөх ажил үгүйлэгдсээр удлаа. Монголын төр эрх мэдэлгүйдээ биш харин хэтэрсэн эрх мэдэлдээ цатгалдаж хямарсаар байна. Эрх мэдлийн төвлөрлөөр биш харин эрхийн шилжилтээр түүний зохистой хэрэгжилтээр иргэний нийгмийн хөгжил дэвшил тодорхойлогддог.

    Ардчилал бол хэн нэг нь эрх мэдэл авахдаа биш тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхдээ байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал Монголд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох, ялангуяа орон нутагт, бизнесийн болон мэргэжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ, эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтохоор болчихоод байна.

 

    Миний Монголын ард иргэдээ,

    Монгол улсын иргэн бүр, айл өрх, суурин газар бүхэн тулгамдсан асуудлаа шийддэг, тийм шийдэлд бүтээлч оролцогч нь байж чаддаг болж байж л Монгол улс бүхэлдээ хөгжил дэвшилд хүрнэ. Монголын хөгжил дэвшил бол Монголын төрийн төлөвлөгөө, хөтөлбөрөөс биш Монгол хүн бүрийн зорилго, төлөвлөгөөнөөс хамаарна. Ядуу хүн, айл өрх бүр ядуурлаас гарах төлөвлөгөөтэй байх ёстой. Ажилгүй нь ажилтай болох, ажилтай нь бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилго тавих ёстой. Ингэж л байж Монголын хөгжил бүтэн болж, нийгмийн эв зохис бүрэлдэж чадна.

    Нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Шударга бусыг өөрчлөх нь иргэн хүний эрх төдийгүй тийм байдал ноёрхсон нийгэмд бол иргэн бүрийн заавал биелүүлэх журамт үүрэг болж хувирдаг. Ийм үүрэг бол энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Учир нь хүн бүр хойч үеийнхнийхээ төлөө үүрэг хүлээдэг.

     Дахиад 1 жил, дахиад 10 жил, дахиад 20 жил Монголын ирээдүйг авлигач түшмэдүүдийн гараар шүүслүүлж болохгүй. Одоо энэ байдлыг зогсоох ёстой. Иймээс, ард түмээн, нэг хэсэг нь түүхийн тэрэгний буулганд насаараа уяатай зүтгэдэг, нөгөө хэсэг нь хүлээлгийн өрөөнд насаараа суудаг байж болохгүй. Бүгд л зүтгэх ёстой. Бүгд л оролцох ёстой. Харин тэр боломж нөхцлийг төр бүрдүүлэхэд үйлчлэх учиртай.

    Би Монгол төрийн тэргүүний хувьд улс орныхоо хөгжил дэвшилд, мөн хувь амьдралаа өөд нь татахад оролцдоггүй залхууг биш, түүнд идэвхтэй оролцогч бүтээгчийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр хийж, түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно. Хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг ханган хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Нөгөө талаас хуулийг ялгал үгүй, ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана.

    Ард иргэдээсээ ахин хүсэхэд, монголчууд төрийн төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө, үр ач, ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдрах учиртай. Төрийг бодож биш өөрийгөө бодож, ажил амьдралаа өөд нь татахын төлөө идэвхтэй, бүтээлч байхыг Монгол улсын иргэн бүрээс хүсье. Иргэдийнхээ дээрхи хичээл зүтгэлд дэмжлэг болж ажиллах нь Ерөнхийлөгч миний гол зорилго байх болно. Ард түмнийхээ эрх ашгийн манаанд тууштай зогсохоо дахин илэрхийлье.

 

    Хүндэт зочидоо, Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчидөө,

     Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаад тань чин сэтгэлийн талархал илэрхийлж манай улстай үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөе.

    Монголын ард түмэн түүхэн сонголт хийж ардчилал эрх чөлөөний зарчимд үнэнч, хөгжилд дэвшлийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байна гэдгээ батлан тунхаглалаа. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, амжилт хүссэн чин сэтгэлийн талархлыг олон орны төрийн удирдлага, байгууллагаас хүлээж авлаа. Та бүхэн миний хариу талархлыг тус тусын удирдлага хүмүүст дамжуулна гэдэгт би итгэлтэй байна.

    Монгол улсын уламжлалт гадаад бодлого шинэ утга агуулгаар баяжиж тууштай үргэлжлэх болно. Нэн тэргүүнд Монгол улс хоёр хөрштэйгээ тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Мөн бидний гуравдагч хөрш болсон найрамдалт улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ ялдамд Монгол орны хөгжил дэвшилд гүн туслалцаа үзүүлсээр ирсэн улс орон олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Та бүхэн сайн мэдэж байгаа. Өнөөдөр нэг улс орон дангаар шийдвэрлэх аргагүй олон асуудлууд тулгамдаж байна. Иймээс эдгээр нь хүн төрөлхтөний нийтлэг асуудал болж хувираад байна. Тухайлбал,  байгаль орчны доройтол, нийтийг хамарсан халдварт өвчин, гай гамшиг, алан хядах үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн аюул, тив дамжсан гэмт хэрэг, мөнгө угаалт, хүний эрхийн зөрчил, хямрал, дэлхийн дулаарал гээд. Эдгээр асуудлууд нь дэлхийн улс орнууд зөвхөн өөр өөрийн ашиг сонирхлоор биш нийтийн эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах шаардлагыг бий болгож байна. Монгол улс цаашид ч дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байж бус нутгийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар идэвхтэй байр суурь баримтлан ажиллах болно.

 

    Эрхэм нөхөдөө,

    Монголын ард түмэн төр улсын аугаа их, урт удаан түүхтэй. Эзэн Чингэс Богдын эрчилж дархалсан Монгол төрийн алтан аргамж ариун бөгөөд алдаршгүй байхын төлөө би хичээн зүтгэх болно. Монгол нутагт анхны төр улс байгуулагдсаны мянганаар, монголчууд тусгаар орноо сэргээн тунхагласны зуунаар тоологдох их ойнууд ирэх жилүүдэд болно. Мөн Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ой болно. Энэ түүхэн ойнуудыг Монголын төр урьдын адил ажил хэрэгчээр шинэ санаачлага, шинэ зарчмуудаар баяжуулан тэмдэглэнэ. Монголын ард түмэн их түүх, эрх чөлөөнийхөө үр шимийг бүрэн дүүрэн хүртэх цаг болсон.

    Мөн ирж буй онууд Монголын нийгэмд улс төр, эрх зүйн чанарын өөрчлөлтийг авч ирж Монгол орны хөгжил бүхэлдээ шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын эдийн засаг, ард түмний амьжиргааны өсөлтөд чухал үүрэгтэй томоохон төсөл, бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Ялангуяа Монгол орны уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн салбар олны анхаарлыг татаж байна. Эдгээр нь Монгол улсын хувьд ард түмний эрх ашиг, улс үндэсний аюулгүй байдал, нийгмийн зөвшил тогтвортой хөгжлийн амин чухал асуудлуудтай холбогдож байгаа юм. Энд Монголын төр ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан идэвх санаачлагатай ажиллах шаардлага байгааг би сайн ойлгож байна.

    Өнөөгийн бид эх сайхан нутагтаа эзэн болж, хувь заяагаа өөрсдөө тодорхойлж улс үндэснийхээ эрх чөлөөт, жаргалант амьдралын суурийг ганхашгүйгээр, эргэлт буцалтгүйгээр дархлан үлдээх үүрэгтэй. Дээл нь хүндэдсэн ахмад үеэ байгаа дээр, их хүсэл тэмүүллээр жигүүрлэн ирж яваа хойч үеийнхээ өнгөн дээр төрөө шударга болгож, улс үндэснийхээ хөгжил дэвшлийг шинэ шатанд хүргэх үүрэг өнөөгийн төрийн  албат та бидний өмнө ноогдож байна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.

 

    Миний Монгол Мөнх оршиг.

    Баярлалаа.

2009.06.18

Цахиагийн Элбэгдорж тангаргаа өргөж, бүрэн эрхээ...
Цахиагийн Элбэгдорж тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
/2006.06.18/ 12 цаг 6 минут

 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж УИХ-д тангаргаа өргөлөө. Шинэ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавин төр түмэндээ үнэнч байхаа илэрхийлэн тангарагийн бичигт гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсний дараа Төрийн далбааны дэргэд очиж, малгайгаа авч, зүүн гартаа барин, тусгайлан дэвссэн цагаан эсгий дээр баруун өвдгөө нугалан сөгдөж, Төрийн далбаанаас баруун гараараа адис аваад суугаагаараа малгайгаа өмслөө. Дараа нь төрийн сүлдэнд мэхийн ёслоод өөрийн ширээний ард очиж зогслоо.

Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж, шинэ Ерөнхийлөгчид өргөн барьснаар Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.

Иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж өнөөдөр тангарагаа өргөснөөр түүний бүрэн эрх нь хэрэгжих учиртай.  Монголын ард түмэн  ардчилсан Ерөнхийлөгчөөс чухам юу хүсч, анхны захирамжаа нийгмийн аль салбарт чиглүүлээсэй гэх тухайд иргэдийн санаа бодлыг сонссон  юм. 


Эмч Д.Тунгалаг: Ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжээсэй

  -Монгол оронд ардчилсан хувьсгал ялаад 20 жил өнгөрч буй хэдий ч жинхэнэ утгаараа хэрэгжихгүй  байсаар өнөөг хүрлээ шүү дээ. Тиймээс залуу  хүний хувьд ардчилсан Ерөнхийлөгчөөсөө ардчиллыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх зам мөрийг тод томруунаар гаргаад өгөөч ээ гэж л хүсч байна. Нөгөөтэйгүүр, эмч хүний хувьд эрүүл мэндийн салбарыг дорвитой өөрчлөхөд туслаач гэе. Бас долдугаар сарын 1-ний асуудлыг үнэн зөвөөр шийдмээр байна. Буудах тушаал өгсөн хүмүүст хариуцлага тооцоё. Тэд эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдаад нуугдаад л байцгааж байгаа ш дээ. Гэтэл жирийн цагдаа нар, жагсаал үзэх гэж очсон хүмүүс л хоригдож байгаа. Дарга нар болохоор эмнэлгээр гүйлдээд л. Ийм байж яаж төр шударга байх юм бэ.

 

  БГД-ийн иргэн Г.Чулуунбат: Шүүх засаглалыг шинэчилмээр байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх зүйл бол шүүх, прокурорын байгууллагын шинэчлэл. Тиймээс үүнийг намын харьяалал энэ тэр гэлгүйгээр шударга, чадалтай боловсон хүчнээр солимоор байна. Үүнийг л зөв зүйтэй шийдэж чадвал өөрийнх нь дэвшүүлсэн “Шударга байцгаая” гэх зарчим нь жинхэнэ утгаараар хэрэгжинэ.

 

 ХУД-ийн өндөр настан  Б.Хишигт: Өндөр настнуудаа л сайн ачил

-Ц.Элбэгдорж чинь ард түмэнтэйгээ амь нэг байя гэсэн уриа дэвшүүлж гарч ирсэн хүн шүү дээ. Түүнийгээ мартаж хэрхэвч болохгүй. Мөнгө төгрөг энэ тэр яах вэ. Улс орны эдийн засаг хямралтай байгаа бол тийм их мөнгийг яаж өгөх юм бэ. Болж бүтэж байгаа бол өг гэхсэн. Гол нь ядарч зүдэрч яваа жирийн иргэдээ хайрлах явдал. Ингэж хэлснээр өөрийн арчаагүй байдлаас болж гудамжинд гарсан нөхдийг өрөвд гэсэн үг биш. Өвчин зовлонд нэрвэгдсэн, насан өндөр болсон, эцэг эхгүй өнчирч үлдсэн багачуулд л анхаарлаа хандуул гэж захимаар байна. Эцэст нь хэлэхэд, өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш нарыг жаахан ч болов харж үзээч. Одоогийн багш нар тэтгэвэрт гарахдаа мөнгөн тэтгэмж авдаг юм гэнэ билээ. Биднийг тэдэн шиг харж үзээч.

 

СБД-ийн иргэн Ч.Өнөрбаяр:  ЕТГ-ыг мэдлэг чадвартай хүмүүсээр бүрдүүлээсэй

  - Юун түрүүнд амалж гарч ирсэн “Эх орны хишиг “-ээ өгөөсэй гэж бодож байна. Үүний тулд шинээр бүрдүүлэх Ерөнхийлөгчийн тамгын газрын аппаратыг намын харьяалал гэлгүйгээр эрдэм боловсрол төгс эрдэмтэн докторуудаар бүрдүүлэх явдал.  Ингэж чадвал түүний нэр хүнд өснө. Залуу хүний хувьд хэлэхэд, залуу гэр бүлийг сайн дэмжиж, туслаач гэмээр байна.

 

 Б.Уранчимэг: Нийслэл маань л утаагүй болоосой

 -Надад албан тушаал, өнгө мөнгөний аль нь ч хэрэггүй. Гагцхүү бидний амьдарч буй нийслэл хөгжиж, дэлхийн хэмжээнд дөхөж очоосой гэж хүсч байна. Үүний тулд нэн даруй утаагүй хот болохоос бүх зүйл эхлэх байх. Мөн далдуур хүчээ авсан газрын наймаа зогсч, хот төлөвлөлт жинхэнэ утгаараа хэрэгжих хэрэгтэй. Эх нялхасын эрүүл мэндийг анхаарч тэр эмнэлэгт өөрчлөлт хиймээр байна. Ерөнхийлөгчөө та хүсвэл нэг шөнө тэр эмнэлэгт сэмхэн очоод үзээрэй. Ямар аймаар гэж санана. Тоног төхөөрөмж нь дэндүү хуучирсан.

 Бас цагдааг шинэчлэх цаг болжээ. Сүүлийн жилүүдэд цагдаа л бусдын биед халдаж, амь нас, эрүүл мэндээр нь хохироодог боллоо. Иймээс цагдаад цэвэрлэгээ хийж өгөөч.

Иргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос юу хүсч байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж өнөөдөр тангарагаа өргөснөөр түүний бүрэн эрх нь хэрэгжих учиртай.  Монголын ард түмэн  ардчилсан Ерөнхийлөгчөөс чухам юу хүсч, анхны захирамжаа нийгмийн аль салбарт чиглүүлээсэй гэх тухайд иргэдийн санаа бодлыг сонссон  юм.  


Эмч Д.Тунгалаг: Ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжээсэй

  -Монгол оронд ардчилсан хувьсгал ялаад 20 жил өнгөрч буй хэдий ч жинхэнэ утгаараа хэрэгжихгүй  байсаар өнөөг хүрлээ шүү дээ. Тиймээс залуу  хүний хувьд ардчилсан Ерөнхийлөгчөөсөө ардчиллыг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх зам мөрийг тод томруунаар гаргаад өгөөч ээ гэж л хүсч байна. Нөгөөтэйгүүр, эмч хүний хувьд эрүүл мэндийн салбарыг дорвитой өөрчлөхөд туслаач гэе. Бас долдугаар сарын 1-ний асуудлыг үнэн зөвөөр шийдмээр байна. Буудах тушаал өгсөн хүмүүст хариуцлага тооцоё. Тэд эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдаад нуугдаад л байцгааж байгаа ш дээ. Гэтэл жирийн цагдаа нар, жагсаал үзэх гэж очсон хүмүүс л хоригдож байгаа. Дарга нар болохоор эмнэлгээр гүйлдээд л. Ийм байж яаж төр шударга байх юм бэ.
 
  БГД-ийн иргэн Г.Чулуунбат: Шүүх засаглалыг шинэчилмээр байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх зүйл бол шүүх, прокурорын байгууллагын шинэчлэл. Тиймээс үүнийг намын харьяалал энэ тэр гэлгүйгээр шударга, чадалтай боловсон хүчнээр солимоор байна. Үүнийг л зөв зүйтэй шийдэж чадвал өөрийнх нь дэвшүүлсэн “Шударга байцгаая” гэх зарчим нь жинхэнэ утгаараар хэрэгжинэ.
 
 ХУД-ийн өндөр настан  Б.Хишигт: Өндөр настнуудаа л сайн ачил

-Ц.Элбэгдорж чинь ард түмэнтэйгээ амь нэг байя гэсэн уриа дэвшүүлж гарч ирсэн хүн шүү дээ. Түүнийгээ мартаж хэрхэвч болохгүй. Мөнгө төгрөг энэ тэр яах вэ. Улс орны эдийн засаг хямралтай байгаа бол тийм их мөнгийг яаж өгөх юм бэ. Болж бүтэж байгаа бол өг гэхсэн. Гол нь ядарч зүдэрч яваа жирийн иргэдээ хайрлах явдал. Ингэж хэлснээр өөрийн арчаагүй байдлаас болж гудамжинд гарсан нөхдийг өрөвд гэсэн үг биш. Өвчин зовлонд нэрвэгдсэн, насан өндөр болсон, эцэг эхгүй өнчирч үлдсэн багачуулд л анхаарлаа хандуул гэж захимаар байна. Эцэст нь хэлэхэд, өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш нарыг жаахан ч болов харж үзээч. Одоогийн багш нар тэтгэвэрт гарахдаа мөнгөн тэтгэмж авдаг юм гэнэ билээ. Биднийг тэдэн шиг харж үзээч.

СБД-ийн иргэн Ч.Өнөрбаяр:  ЕТГ-ыг мэдлэг чадвартай хүмүүсээр бүрдүүлээсэй
  - Юун түрүүнд амалж гарч ирсэн “Эх орны хишиг “-ээ өгөөсэй гэж бодож байна. Үүний тулд шинээр бүрдүүлэх Ерөнхийлөгчийн тамгын газрын аппаратыг намын харьяалал гэлгүйгээр эрдэм боловсрол төгс эрдэмтэн докторуудаар бүрдүүлэх явдал.  Ингэж чадвал түүний нэр хүнд өснө. Залуу хүний хувьд хэлэхэд, залуу гэр бүлийг сайн дэмжиж, туслаач гэмээр байна.

 Б.Уранчимэг: Нийслэл маань л утаагүй болоосой
  -Надад албан тушаал, өнгө мөнгөний аль нь ч хэрэггүй. Гагцхүү бидний амьдарч буй нийслэл хөгжиж, дэлхийн хэмжээнд дөхөж очоосой гэж хүсч байна. Үүний тулд нэн даруй утаагүй хот болохоос бүх зүйл эхлэх байх. Мөн далдуур хүчээ авсан газрын наймаа зогсч, хот төлөвлөлт жинхэнэ утгаараа хэрэгжих хэрэгтэй. Эх нялхасын эрүүл мэндийг анхаарч тэр эмнэлэгт өөрчлөлт хиймээр байна. Ерөнхийлөгчөө та хүсвэл нэг шөнө тэр эмнэлэгт сэмхэн очоод үзээрэй. Ямар аймаар гэж санана. Тоног төхөөрөмж нь дэндүү хуучирсан.
 Бас цагдааг шинэчлэх цаг болжээ. Сүүлийн жилүүдэд цагдаа л бусдын биед халдаж, амь нас, эрүүл мэндээр нь хохироодог боллоо. Иймээс цагдаад цэвэрлэгээ хийж өгөөч.
 Ч.Чулуун /2009.06.18/

 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 12.27 цагт...
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах ажлын хэсгээс гаргасан товч мэдээллээр өнөөдөр Төрийн ордны их танхимд 12.11 цагт Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг УИХ-д өргөх юм байна.

12.27 цагт шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж анхны үгээ хэлнэ.

12.38 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг хааж,

12.40-13.10 цагийн хооронд Төрийн ордноо гадаадын зочин төлөөлөгчдийг тусгай хуваарийн дагуу хүлээн авах аж. Харин тэдгээр төлөөлөгчид Ёслол хүндэтгэлийн танхимд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэнэ.

13.30 цагт Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, салбарууд ёслолын жагсаал хийнэ. 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болох аж.

19.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайллага Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын “Баганат” танхимд болох юм байна.

Г.Нар /2009.06.18/

Тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа гэж хэн бэ?
 Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тангаргаа өргөж Төрийн ардчилсан шинэ тэргүүний  хувьд анхны алхмаа хийлээ. Түүнийг дагаад шинэ тэргүүн хатагтай Х.Болормаа олны анхаарлын төвд орж ирж байна. Өмнө нь Ш.Цэвэлмаа, А.Оюунбилэг, О.Цолмон гэсэн гурван тэргүүн хатагтайтай байлаа. Тэд өөр өөрийн донж маяг, янз байдлаараа хүмүүсийн сэтгэлд үлдсэн. Харин шинэхэн тэргүүн  хатагтай Х.Болормаа гэж хэн бэ?

Элбэг овогтын Хажидсүрэнгийн Болормаа гэх энэ бүсгүй Улаанбаатар хотноо зургаан дүүгийн ууган эгч болон мэндэлжээ. Балчир ахуйд аав нь өөд болж эмээтэйгээ, ээжтэйгээ дүү нараа хүн болгох гэж зүтгэсэн ачтай эгч. Нийслэлийн 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг 1982 онд дүүргэж Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн ангийн хуваарь авч, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөхөөр оджээ. Хатагтай Х.Болормаа Львовт хань Ц.Элбэгдоржтойгоо учирч, анхны хүүгээ өлгийдөж, бас инженер геохимич мэргэжил эзэмшсэн байна. Түүнийг Львовт суралцахаар очсон жил мөн хотын Цэрэг, улс төрийн дээд сургуульд ирээдүйн хань Ц.Элбэгдорж нь ч  суралцахаар очиж таарсан аж.  Заяаны хань зам дээр гэгчээр тэр хоёр ерөөл тавилангаар учирсан гэж оюутан ахуйн найз нар нь дурсдаг.

Львов хотноо суралцахаар очсон шинэхэн оюутнууд танилцах үдэшлэг зохион байгуулжээ. Элбэгээ, Болороо хоёр тэнд бие биеэ анх олж, тэр цагаас үерхсэн гэдэг. Мань Элбэгээ танилцах үдэшлэг дээр “Би” гэдэг шүлэг уншиж охидын нүдэнд өртөж байжээ. “Эрэгтэй хүүхэд төрлөө гэж баярлаад

Элбэгдорж гэдэг нэр өгсөн юм гэнэ лээ” хэмээн шүлэглэж танилцах үдэшлэгийн салхийг хагалсан цэргийн дүрэмт хувцастай хөвгүүнд олон охин нүд унагасан ч мөнөөх аманцар Элбэгээгийн цорын ганц сонголт Х.Болормаа болж, төгсөн төгстлөө оюутан найз нартаа үлгэр жишээч эв найртай хосууд явжээ. Болороодоо олон ч шүлэг зориулсныг нь андууд нь одоо ч дурсан ярьдаг юм билээ. Ууган хүү нь 1986 онд Львовт мэндлэхэд Ц.Элбэгдорж “Хүүхэд хүлээхийн жаргал” гэдэг шүлэг бичиж, хүүдээ Оргил гэдэг нэр хайрлаж, оюутнууд л болсон хойно дотуур байрандаа багахан найр хийн тэмдэглэж дуу хуур болцгоож байжээ.

“Болороо тун энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин хамгийн эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг, сурлага сайтай, цэгцтэй цэвэрхэн охин байсан. Эргээд санахад өөтэй тал байдаггүй. Болороо энгийн ч байж чаддаг, эрхэмсэг ч байж чаддаг” гэж найзууд нь дурсч байна.

Х.Болормаа 1988 онд сургуулиа төгсгөн Монголдоо ирж Геологийн төв лабораторийн Эрдэс судлалын тасагт минералогич инженер, тасгийн даргаар 1994 он хүртэл ажиллажээ. УИХ-ын гишүүн байсан Ц.Элбэгдорж  1994 онд парламентыг орхин “Олуулаа болоод эргээд ирнэ ээ” хэмээн гарсныг хүмүүс сайн мэднэ. Яг энэ үеэр Х.Болормааг Геологийн төв лабораториос халжээ. УИХ-ыг орхисон тогтворгүй этгээдийн эхнэр ч гэсэн юм уу. Харин Х.Болормаа “Манай хүн зүгээр нэг ажил хийхгүй, том л ажил хийнэ” гэж итгэлтэй дуугарч байсан гэдэг. Мэргэжлийн ажлаасаа гарсан ч тэр дороо ээжтэйгээ хамтран эмийн сан ажиллуулж  “Анх-Эрдэнэ” ХХК-д менежер хийх болжээ.

Х.Болормаа нөхрийнхөө хийсэн ажил бүрт итгэж байнга урамшуулж ирсэн. Тэгснээрээ ч Ц.Элбэгдоржийг ийм өндөрт гарахад түшиг тулгуур, найдвартай ар тал нь болж явжээ. Ер нь амжилтад хүрсэн эрчүүдийн ар талыг хэн дааж байна гэдгээс 90 хувь нь хамаардаг гэсэн үг ч байдаг. Х.Болормаа тийм л өмөг түшигтэй сайн гэргий, сайн ээж аж. Тэрбээр дөрвөн хүү төрүүлж өсгөсөн дархан бэр. Бас охин үр өргөж аваад удаагүй байгаа. Таван хүүхэд өсгөж, хичээл номыг нь давтуулахын зэрэгцээ 2007 оноос мэргэжлээрээ Эрдэс судлалын лабораторийн эрхлэгчээр ажиллах болсон. АНУ-д нөхрөө суралцаж байхад Х.Болормаа зүгээр суусангүй, Сувилахуйн сургуульд суралцан онц дүнтэй дүүргэжээ.

Тэр сургуулийг зүгээр ч нэг сонгож суралцсангүй. Ц.Элбэгдорж, Х.Болормаа хоёр Өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн Бамбарууш бүлгийг даан авч өнчин ядуу олон хүүхдийг асран халамжилсаар хэдэн жилийн нүүр үзэж байна. Одоо Х.Болормаа хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” сангийн ажлыг давхар эрхлэн явуулдаг. Аргагүй л тэргүүн хатагтайн хийх ажил энэ мөн. Гадаад орны тэргүүн хатагтай нар ихэвчлэн буяны ийм ажилд гар сунгадаг уламжлалтай. Бамбарууш бүлгийнхэн Элбэгээ Ерөнхийлөгчийг Амбаа, гэргийг нь Болороо эгч гэж дуудна. Тэр хүүхдүүд сургууль руугаа зөөлгөдөг тусгай машин, тусгай жолоочтой. Хувцас, хоолоор хангуулна. Гал тогоондоо их засвар хийлгэчихсэн. Амбааг бол босго давмагц морь болгон унаж нялх балчиртаа эмтэрсэн элгээ дэвтээдэг.

Х.Болормаа бас гайгүй нийтлэлч гэдгийг бичсэн эссэ сэлтээс нь харж болно. Бурхны оронд морилсон хайртай эмээдээ зориулж Х.Болормаа ингэж бичжээ. “Анх ханьтайгаа танилцаад эмээдээ очиж зуныг хамт өнгөрөөхдөө миний сонголт зөв гэдгийг баярласан сэтгэлээс нь мэдэрч байв. Тэр цагаас хойш бие биеэ огт танихгүй хоёр хүн хэчнээн дотно нэг амьтай болж, нэгэндээ анхаарал халамж тавьж эх, хүү хоёр шиг ээнэгшин дасч болдгийг эмээ, нөхөр хоёр маань харуулсан. Хүргэнээ төрийн хүндтэй алба хашихад миний буурал эмээ ихэд баярлаж, бахархаж суусан даа” гэжээ.

Х.Болормаа гэж ийм энгийндээ ч энгийн, эрхэмсэгтээ ч эрхэмсэг, эрдэм боловсрол тэгш тэргүүн хатагтайтай болж байна, бид.

 Д.ОЮУНЦЭЦЭГ /2009.06.18/ news.mn

 

 

(Нийт: 155)