Авилгын сурвалж

“Авилгыг өнөөдрөөс цэглэнэ” гэж шинэ Ерөнхийлөгч амаллаа. Энэ ч хэцүү дээ. Тэр дундаа нийгмээрээ авилгад идэгдэж, энэ нь амьдрах арга нь болчихсон газар тийм хялбар цэглэгдэх юм болов уу? Энхбаярыг авилгын загалмайлсан эцэг гэж ярьдаг. Үнэндээ төрийн нэр барьж мөнгө баялаг завших үзэгдэл тун эртний улбаатай. XIII зууны үед Монголд ирсэн Рубрук, Карпини, Марко Поло нар монголчуудын авилгачийг гайхаж бичсэн байдаг. Хаантай уулзах гэж явсан тэднийг зам зуур таарах монголчууд төрийн нэрээр далайлган заавал нэг юмыг нь салгах гэж зовооно.
Үнэндээ манж нар монголчуудыг зэвсгийг хүчээр гэхээсээ авилгаар эзэлж авсан юм шүү дээ. Лигдэн хаан хятадуудаас мөнгө аваад манж нарыг цохиж цагаан хэрмийг хамгаалдаг байж. Тэгэхээр нь манж нар илүү мөнгө амлаад түүгээр хятадуудыг цохиулдаг болжээ. Ингэж хоёр талд авилгадаж явсаар сүүлдээ өөрөө Хөх нуур орчимд бут цохиулан Монголын хаант ёсыг дуусгасан байна. Дараа нь түүнд захирагдаж байсан 49 хошууг Амбагай хаан өөртөө авилгаар татан нийлүүлж Өвөр Монгол гээч шинэ ойлголт буй болсон юм. Түүхэн тэмдэглэлийг шүүж үзвэл тэр үеийн монголчууд хоорондоо байлдаад л, төвд, хятад, манж нар монгол ноёдыг мөнгө цаасаар авилгадаад л байсан байдаг юм. Галданг Заантэрэлжид дийлсэн манжийн цэрэг бол үнэндээ бараг бүгдээрээ монголчууд. Амарсанаа Даваачтай муудалцан Хятад орж манж цэргийн жанжин болон эргэж дайтаад Ойрдыг унагасан байдаг. 1912 онд Ховдыг чөлөөлж туурга тусгаар Монгол улсаа байгуулсны дараа ч ойрдын ноёд Хятадаас пүнлүү хэлбэрээр авилга авсаар байжээ. Бурдуков үүнд гайхан улс нь тусгаарлачихаад байхад гадаадын эзэрхэгчидээс юунд мөнгө аваад байгааг асуухад: “Бид хятадуудаас мөнгийг нь авч тэднийг ядууруулж хорлож байгаа юм” гэж хээв нэг хариулцгаасан байдаг.  Социализмын үед авилга байгаагүй юм шиг ярьдаг нь үнэнд нийцэхгүй. Тэр үед нийтээрээ ядуу байсан болохоор өгдөг авдаг нь бага байж дээ. Шил архиар л ярина. Ер нь авилгын нэгж нь архи. Архи ч дундаж орлоготой харьцуулахад үнэтэй эд байж. Тэгээд ч хувийн өмчийг хориглосон нийгэмд хэнд юу байх билээ дээ. Хойд Солонгост алба хааж байсан миний нэг найзын яриа их сонин байсан. Ерээд оны дундуур тэрээр Оросын элчингийн залуучуудтай нийлж Солонгосын усан хилд орж ирсэн хөлөг онгоцноос японы хуучин ямбий машин оруулдаг байжээ. Тэрийг нь худалдаад авчихдаг дээд ангиллынхан тэнд бас бий. Ингээд хил нэвтрээгүй хөлгөөс бараг хаягдал машин бөөнөөр нь хил давуулна. Хойд Солонгос гэхээр аймаар цэрэг цагдаа болсон мундаг хамгаалалт байж таарнаа даа. Гэтэл тэд даргад нь өөрсдийнх нь муу шил архи, цэргүүдэд нь ширхэглэсэн янжуур өгдөг байж. Социализмын бат хана үнэн хэрэгтээ ийм хямдхан, ийм хэврэг ажгуу.
Ерээд оны дундаас манайд авилга шинэ шатанд гарсан юм. Өгч авч байгаа хэмжээ ч дажгүй, ичиж нэрлэхэх нь ч хээгээ алдаж, хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Анхны том авилга гар утаснаас эхэлсэн юм. Гар утас бэлэглэсэн асуудал бишээ. Тэрнээс арай том. Японы Х компани Монголд гар утасны үйлчилгээ буй болгохоор ирж. Дэд бүтцийн яаманд холбоо хариуцсан хэсэг хүнтэй, дарга нь Төрийн дээд өндөрлөгөөс нутгийн крантай нэг залуу. Англи хэлтэй учир хадандаа гарчихсан эр. Түүнд япончууд хандав. Эндээс нь тэрээр мөнгө олж харав. Ингээд япончуудад Монголын талын хөрөнгө оруулалт санал болгосон байна. Тэр нь их гоё хөрөнгө оруулалт. Юмыг нь бүтээж өгнө, янз бүрийн хөнгөлөлт үзүүлнэ, хариуд нь шинээр байгуулагдах компаний 13 хувийг эзэмшинэ. Тэр үед ийм “нарийн” юм бодож олж чадна гэдэг монгол хүндээ хэтийдсэн ухаан байлаа. Ингээд нутгаасаа татаж авчирсан доодох мэргэжилтэнгээ ажлаас нь гаргаж нэгэн хуурамч компани байгуулан бүртгүүлээдэхжээ.
Энэ бол 1995 оны эхээр болсон явдал. Гар утас хөгжингүй орнуудад дэлгэрээд хоцрогдсон орнуудын ээлж ирчихсэн байсан үе. Энэ хоосон орон зай руу америк, европын компаниуд ч бизнес хийхээр давхиад ирж. Нутгийн шийдвэр гаргагч өндөрлөгүүддээ япончуудыг хуга магтан хөгжлийн гол гогцоо гэж тайлбарласаар тэндэрийн комисс байгууллаа. Ингээд өөрөө Токиод Монголын төр төлөөлөгчөөр яаралтай томилуулагдав. Өөрийн байгуулсан тэндэрийн комиссынхныг сургалт нэрээр нэг нэгээр нь Японд дуудаж аваачин өдрийн мянган долларын тэтгэлэгтэй “курсэд” суулгажээ. Тэндэрийн дүнг бүхэл бүтэн зургаан сар дүгнэсэн юмдаг. Америк, европчуудад ямар ч шаанс үлдээсэнгүй. Мөнөөх япон Х маань энэ хооронд Японы нэгэн холбооны компанитай нийлэн компани байгуулж тэндэрт ялалт байгууллаа. Шууд ялж чадаагүй ээ. Эхлээд Бельгийн компани ялсан боловч яаж ийж байгаад хүчингүй болгоод дахин тэндэрдэж, энэ хооронд комиссынхныг Японд “курст” суулгасан хэрэг. Ингээд л дахин шудрагаар “хуруудсан” чинь япон-монголын холбоочид “шудрагаар” ялчих нь тэр. Мэдээж манай нөхөд өөрийн “хөдөлмөрөөр” буй болгосон 13 хувьтай. Харин тэндэр дүгнэгдсэний дараа тэд бусдынхаа юм мэдэхгүйг, өөрийн нутгийн татлаа түлхээг далимдуулан улам даварсан юм. Япончууд эхнээсээ ямар ч илүү нөхцөл шаардаагүй. Тэртээ тэргүй өрсөлдөөнтэй байхад ядуу тэнэг оронд ингэж хандах нь үгүйдээ л ёс суртахууны хувьд хэтэрхий жудаггүй хэрэг. Гэвч төрийн албан хаагч монгол түнш нар нь шинээр байгуулсан жоинт компаниа Монголын зах зээл дээр таван жил өрсөлдөгчгүй ганцаар эзэгнэх эрх олоод ирлээ. Тэгээд дээр нь хэсэгтээ татварт хамаарахгүйгээр болгожээ. Үнэхээр манай хэд мөнгөндөө таарсан нөр их ажил амжуулсан байгаа биз? Онцгой эрхтэй таван жилдээ 10 мянган хэрэглэгчтэй болохоор төлөвлөж байсан атал богино хугацаанд зуу гаруй мянган хэрэглэгч олж авч ашиг орлого уул мэт оцойжээ. Төрөөс төрсөн бизнесчид маань ч ухаалаг загнаж орлогоороо компанийхаа хувьцааг эргүүлж худалдаж авсаар ихэнхийг нь эзэмшигч болжээ. Үүнийг л уг нь төрөөс төрсөн тэрбумтан гээд байгаа юм шүү дээ. Өнөөдөр тус компани саяар тоологдох хэрэглэгчтэй, татвар төлөлтөөр Эрдэнэт хавьцаа ярьдаг Монголдоо ланжгар том  айл. Харин Монгол төрөөс төрсөн бизнесчид маань Монголын төрийг авилгадаа идэгдсэн хэмээн ихэд жигшин ярих дуртай юм билээ. Хэдийгээр эд тухайн үедээ ноцтой гэмт хэрэг үйлдсэн боловч тэдэнд олон сайн тал байгаа харагддаг юм. Юун түрүүн энэ авилгыг нэлээд ухаалаг үйлдсэн. Одоогийн энэ шууд л нэхээд авчихдаг, хийнэ гэчихээд хаяад бултчихдаг авилгачдыг бодвол илүүтэй уран ухаан гаргасан. Хоёрт өөрсдийг нь залгамжлан гарч ирсэн авилгачдыг ярвайн жигшинэ гэдэг ёс суртахууны хувьд бас л дээшээ гарчихсан байна гэсэн үг. Гуравт төрөөс төрсөн ч бай тэд их юм бүтээсэн. Одоогийн тэнэг авилгачид шиг олсон долоосноо казинод аваачаад өгчөөгүй л байна шүү дээ.
Казино гэснээс, “Казиногийн хэрэг” гэгчээр авилгын асуудлаар хэсэг хүнийг мөн ч муухай хэлсдүүлж билээ. Хууль зүйн сайд байсан Батчулууныг тэндэр даргалж байсны хувьд гүтгэж шоронд хийгээд гар утас авсан байх гэж баахан шалгасан. Дараа нь авилгад авсан зүйл нь өмдний тэлээ болж таарсан шүү дээ. Нэг нь гар утасны компани хусчихаад улам мандан бадарч байхад нөгөө нь нэг ширхэг гар утас бэлгэнд авсан байж магадгүй хэргээр шоронд орон улмаар нас баржээ гэж бодохоор шудрага ёс талаасаа л жаахан муухай юм даа.
2000 оноос ч авилга бүр системтэй, нийгмийн тодорхой хэсгийн амьдрах үндсэн арга болсон доо. Оюу толгой ашиглалтанд орж чадахгүй зургаан жилийн нүүр үзэж буй нь шийдвэр гаргагчид нь тус бүрдээ өөр өөрийн “13 хувь”-ийг нэхээд тэр нь олдохгүй байгаатай л холбоотой юм шүү дээ, явж явж. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж үүнийхээ төлөө цалин авч байгаа мөртөө хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө өөртөө ахадсан их шан харамж нэхэж суудаг явдал манай нийгмийн ердийн норм болсон учир ингэлгүйгээр иргэдийн хэргийг бүтээсэн хүн харин ч хардлагад орж “тийм байх учиргүй” гэсэн монгол логикт тулдаг байна. Авилгачид хууль тогтоох байгууллагад олноор шургалснаас болоод хуулиар дамжуулан луйвар хийх болжээ. Дотоод үйлдвэрийн пиво хөнгөлөлт эдлэх тухай хууль гараад ирнэ. Импортлогчид Цэцэд гомдол гаргана. Цэц аахилж аахилж хуулийг хүчингүй болгоно. Энэ хооронд хичнээн их авилга явдаг гэж санана? Эцэст нь дотоодын гэх үйлдвэрлэгчид хэдийнээ хожоогоо гаргаад авчихдаг. Хууль цуцлагдана гэдгийг эхнээсээ мэдэж байсан хэрэг, үгүй дээ л авилгын хууль хэдэн сар ч болов үйлдчлэхэд л дажгүй орлого олж орхино. Саяхан “дотоодын үйлдвэрлэгч” хэмээх тамхины наймаачид өөрсөд дээрээ хөнгөлөлтийн хууль бодож олоод батлуулчихаж. Чадаж байгаа юманд арга байхгүй, тээ?
Шинэ Ерөнхийлөгч авилгыг цэглэхийн тулд эх сурвалж руу нь орох хэрэгтэй санагдана. Мэдээж замын цагдаа болгон шахам, төрийн албан хаагч бүр, шүүхийн ажилтан болгон авилгын байнд байгаа. Ажлаа эднээс эхэлбэл хэзээ Эрдэнэтэд хүрэх вэ? Эрдэнэт хамгийн том татвар төлөгч. Мөн тэр хэмжээгээрээ хамгийн аймаар авилгын хүүдий. Өнгөрсөн 10 жилд тэнд гадаадын нэгэн компани өрсөлдөгчгүйгээр техник тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Нэг удаагийн нийлүүлэлтээс нь манай гарууд 4.5 сая доллар унагаж байсан баримт байна. Энэ сувгийг хаагаагүй байж халамцуу жолоочоос 20 мянган төгрөг авчихсан цагдаатай ноцолдоод яах ч юм билээ. Сентерра гоулд компани 2001 онд Монголд 30 сая долларын хөрөнгө оруулсан мэдээ тайланд нь байдаг. Гэтэл тэр байтугай 2003 он дуустал ямар ч хөрөнгө оруулаагүйг нийтээр мэднэ. Ингэхээр энэ мөнгө хааш оров? Дээрхи япон компаний жишгээр хөрөнгө оруулав уу? Энэ болгоныг илрүүлж, хөөрхий Батчулуун шиг шоронд суулгаж амь насыг нь хохироохоо болиё гэхэд дахиж ийм авилга, шамшигдуулал, залилан гарах үүд хаалгыг юун түрүүн хаах хэрэгтэй. Явуулын хүнээс төрийн нэрийн өмнөөс архи нэхдэг байсан үе хэдийнээ ард хоцрон авилга төгөлдөржиж өдгөө авилгадах хуулиа өөрснөө тогтоодог хөгжингүй шатандаа оржээ. Хаалгыг хаана гэхээр ингэтлээ тТөрийн авилга байгаа учраас түүнийг дагасан сүрдүүлэг гэсэн шинэ бизнес цэцэглэж сайн дурынхныг олноор нь хамрах болжээ. Эх орон, ард түмэн, шудрага ёс, цэвэр орчин гээд л үгсийн сангаас аль сонсголонтойг нь сонгон лоозонгоо хийсэн тэд үхнэ хатна өлсөнө цангана ална хядна гэж орилолдон дөвчигнөх нь сүрдмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. Гэвч дээгүүрээ идэж уугаад бидэнд “эх орны хишиг” ноогдсонгүй хэмээх гоморхол хорсол бяцхан тархиндаа агуулж яваа нь нэвт харагдаж сэт үнэртэнэ. Цайрт минерал хэмээлдэн чөдөр галзуу хүн шиг хашгичиж байснаа зайлуул Улаан сайдаас хэдэн цаас “эх орны хишгээр” олж аваад л эх оронч үзэл нь дуусчиж байгаа юм. Харин ч “хятадуудын хөдөлмөр хамгаалал нь маш сайн юм” гэсэншүү юм яриад магтаад явж байх. Өрнийхнийг айлгаж хятадуудын жишээг дагуулах гээд бүтэхгүй хайран сайхан цээжээ хий дэмий хөх няц болтол нь нүдсээр. Үнэндээ өрнийнхөн гадаад оронд ч хахууль авилгад холбогдвол өөрийнхөө хатуу хуулиар шийтгүүлдэг учир хятадуудаас өөр л дөө. Авилгачид ч сүрдүүлэг дарамтанд их ордог. Тэрийг нь шантажчингууд сайн мэднэ. Өнөөдүүл нь ч сая саяар нь бариад гүйгээд ирнэ. Мэдээллийн хэрэгслэлүүдийн орлогын ихэнхийг сүрдүүлэг гүйцэтгэдэг гээд бод доо. Мөнөөх гар утасны компаний гадаа Оюутны холбоо жагсаал хийж шудрага байдал ард түмний эрх ашиг хэмээн орлилдож байсныг санаж байна. Авдагаа авч байж л салдаг бололтой. Ингэхээр авилга өөрөө сүлжээ болсноор барахгүй дагалдах бузар сүлжээг ч буй болгожээ. Болдогсон бол чононоос дутуугүй хэмэлж хаячихаад зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад хүн шиг амьдрах юмсан, цөмөөрөө?!.

2009 оны 6 дугаар сар 18    B.Baabar



Эргэцүүлэл
Гадаад хэл сурна гэж бөөн үг цээжилж зовохын. Гэтэл 2-3 настайдаа хэрхэн энэ хэдэн мянган монгол үгсийг цээжлэв. Монгол хүн болохоор тэр үү. Гэж бодсон чинь гүүм байлээ л дээ. Гадаадад өсцөн, эцэг эх нь тэр талаар санаа тавиагүй хүүхдүүд гадаад хүн л болчдийм байлээ. Монголд төрж өссөн гадаадын хүн чигсн хэлний хувьд ялгаагүй л монгол болоо л өсдөг. Мээстний орос гэж дуулаа л биз дээ. Бас нөгөө муу нэртэй хүмүүс байна.... Заза тэр хужаа нары чинь хэлжийнаа ккк. Багадаа тохойг Отгоо гэдэг хүүхдийн нэртэй андуурдаг байлаа. Отгой ч болцон явжаах шиг. Ташаа шанаа, богоон могой, болкоон молкоо, өвс үс гээ л танзуурыг тэмээний хоргол гэж итгээ явжээсэн бага насны үеийн эндүүрэл үгэн дээр чигсн их байж. Нэлээн багадаа уншиж сурчаад цэцэрлэгийн хаалгаар оруутаа л: махан ийн.... гээ л мангар чанга уншдаг, онгироо хүүр байж шүү би багадаа. Тэр нь МАХН-ын ямар яасан хурлын тогтоол..... гэсэн лоозон байсын. Юм уншжаахдаа ишчээ үсэг, зөөлний тэмдэг энээ тэрээг.... хэлүүлээд ч ойдгүй байв. Яг яаж хэлдийн эний чинь гэхээр мангар урт болчно. Морзөөлнийтэмдэг гэдэг үг байж болкуу биз дээ. Ишчээ нь бүр сураг ч вайхгүй. Яамар байдийн гэхээр ишчоорс гэж наана. Ингээд бяцxан тархи маань багаасаа үл ойлгогдох зүйлсийн дарамтыг амсаж өсжээ. Дурдатгал бичих чинь яасан сайхы. Хөгшрөөд заавал дурдатгалтай болноо. Хүн уншкуу байсан ч ганц хувь хэвлүүлж авж каноондоод ач гуч нартаа тарааж хүчээр уншуулна. Шууд доор нь асуулттай. Өвөө нь хэдэн онд аль төрхөд төржээжэв? Өвөөгийнх нь залуу цагт хүн бүхэн хүссэнээ ярьж бичих эрх чөлөө байсан уу? гэх мэт. Хадуурахаа зогсоонгоо цаашаа ярихад, бийн тамирын багш "баруунтайший" гэж орилонгуут ярс гээ л тээ. Аа ярсаа ч алд. Зарим нь урд урдаасаа харцан л байжээдэг байсан шд. Эээ-рэг гэсэн камаамдыг эргэ гэсэн үг гэж харин нээх удаагүй бодож олсон. Харин баруунтайший-г баруун тийшээ гэсэн 2 үг юм бээн гэж одоо л боджийн. За мэдкүэ манайхан ч будлиантай яриатай. Баруунтай гэж ярьдаг. Ард нь зүгээр нэг ший мий залгаж утгы нь тодруулж бүдгэрүүлэх вол наад захын асуудал. Монгол хэлний дагаварууд үгнээсээ ч бараг нөлөөтэй шахуу байхын. Цаана гэдэг үг байнгуут л цаана нь, цаахна, цаагуур нь, цаахнуур нь, цаашаа, цаашихнаа, цаатай талд нь, цаанатай, бүүр цаахнуур, өшөө цаахнуур, ахиад цаахнуур, улам цаашлаад, хүүеээ цаашаа л даа, гүй цаана гээд байшдээ малаа! нүд чинь юугаа харжийнаа эргүү минь! өө хадуурчлаа соорий. Хаана гээ л асуучуул жишээ нь ингээ л хариулах гэж тамлааяжий шд. Дэлхийн хамгийн хэцүү хэл манайх байхоо. Өнөөдрийн монгол хэлэндээ ус цас хүмүүс С.Буяннэмэх гэдэг 20 оны үеийн зохиолчтой тухайн цагт нь тааралдуул шууд сап сап гээ ойлгоо явчиж барах болуу. Хуульч Сандаг гуайтай цаг агаарын тухай яриул.. яджил тэр маниусын хэлийг ойлгохгүй дээ ай. Цаашлаад ойрдын Амарсанаа баатартай хоолны матриал сонгож сайхан шөл хийж ууяа хоюулаа гэвэл яадаг бол. Бүр цаашлаад Мандхай хатаны шивэгчинг эргүүлэх гээд үзүүл бардаг болуу. Жадтай цэрэгт сүлбүүлж үххээсээ илүү хэл нэвтрэхүү гүү юүү гэдэг л гол саад байна даа. За бүв бүр цаашлаад Хубилай хаантай, даажээ Чингас хаантай уулзчуул өөрийгөө ойлгуулж чадкуу байсаар байгаад толгой салаа явчих байх даа. Амарсанаа Чингис хаан 2 ч хоорондоо ойлголцкуу дээ. Энэ хүмүүс монголоор ярьдаг байсан, одоо ч монголчууд монголоор яриад байгаа шд уул нь. Гээд он цагийн эрхээр хувирдаг л юм бээн. Нууц товчоог орчин цагийн монгол хэлэнд "орчуулсан" гэж ярьдийн тээ. -Хүшшш.... Юу вайнаa? -юмгүү, юу вайна? -юмгүү дээ. Гэнгүүт монгол хэл сөнөлөө, булингартлаа, юу ч байхгүй энтэр гэсэн билэггүй юм ярьлаа гэдийм байлээ. Чамд ойрд тохиолдсон сонин юм байнуу гэхэд нь аа тохиолдоогүй ээ гэжээшд. Ямар мөнгө асуугаа юу. Гү асуусан чигсн, аа байгаа байгаа, хэдийг авахы? гэдэг хүн байдымуу. 30 жилийн дараа мань чигсн өвөө болцон одооны хүүхдүүд монгол хэлийг нээрээ алжийнаа, Монгол улсаас юм үлдэх нүү гүү юүү! гэцэн явжаах байх даа. Гуруу дөрүүн минган жилийн өмнөх Эгийптийн булшнаас "одооны хүүхдүүд эх захаа алдаж байна" гэсэн захиа гарсан гээ биз дээ. Гэснээс нээрээ буруу бичээд улсаа сөнөөлөө гэж загнасий шд намайг. Исто жинкэн, хүшшш.. манай улс чинь таанк шиг улс шд гэчий. Гавтгайгаараа архидаад, гавтгай багаасаа биеэ үнэлээд, гавтгайгаараа хахууль авч өгөлцөөд, гавтгайгаараа цөлжөөд, гавтгайгаараа будилаантай бужигнаантай байхад сөнөкүү гэцэн байгаа таанк шд. Гэснээс нээрээ монгол хэл сөнөнө гээд зөрүүдлээд байгаа хүн байвал сөнөснийх нь дараа ямар хэлээр ярих ёстойгий нь бас хэлээд өгчөөч. Эртхэн суржээе энэ чинь. За тэрий нь суркуу байсан чигсн дохио зангаагаар ярьчина л доо ер нь вол. Тэхээр бичнэ гэж байхгуум байна л даа. Тэр олон хуруу хумсны зураг зурах гэж лай.
Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн ахлах дэд ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзаж ярилцлаа

А.Мөнхбат: Монголын талын хүртэх ашиг 55-76 орчим хувьд хэлбэлзэнэ

 

 -Харин цаашдаа ч төслийг хөгжүүлэх бүх зардлыг, эрсдлийг ч өөрсдөө хариуцаад явах гэж байгаа хүмүүс хорьхон хувийн ашгийг хүлээж авах юм уу, үгүй юү гэдэгт би туйлын их эргэлзэж байна-

"Айвенхоу Майнз Монголиа Инк" компанийн ахлах дэд ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзаж ярилцлаа. УИХ-аар хэлэлцэж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн эргэн тойрон дахь асуудлаар зарим зүйлийг тодруулж, бас байр суурийг нь сонссон юм.

-Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ хэлэлцэхээр боллоо. Гишүүдийн гар дээр өнгөрсөн өвөл хүрсэн гэрээний төслөөс энэ удаагийнх багагүй өөрчлөгдөөд байгаа. УИХ гэрээний өмнөх хувилбарыг ажлын хэсгийнхэнд буцааж байсан бол сүүлчийн хувилбарыг ямар байсан хэлэлцэх боломжтой гэж үзлээ. Гацаад байсан гэрээний асуудлыг ийн урагшлуулахад хүргэсэн зарчмын тохиролцоонууд юу вэ гэдгийг тодруулна уу?

-Үндсэндээ гэрээ хэлэлцээ маш удаан үргэлжилсэн. Гэрээг байгуулах асуудал 2003 оноос эхэлсэн бол өнөөдөр 2009 оны долдугаар сар. Тэгэхээр зургаан жилийн туршид яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюутолгой нь маш том орд учраас тэр хэрээр хөрөнгө оруулалт шаардаж байгаа. Мөн энэ хэрээр үүнийг ашиглах тухай гэрээ байгуулах асуудалд хоёр талаас маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан. Зургаан жилийн туршид ярилцсаны эцэст хоёр тал өөрсдийнхөө боломжийг, ойлголцлыг оллоо гэсний үндсэн дээр Засгийн газар гэрээний төслийг УИХ-д өргөн барих нөхцөл бүрдлээ гэж үзсэн болов уу.

Гэрээний асуудлаар энэ жил гурван шатны яриа хэлэлцээ хийсэн. Нэгдүгээр сард, дараа нь дөрөвдүгээр сард нэлээн олон асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилсэн. За тэгээд сая зургадугаар сард хоёр тал гурав дахиа ширээний ард сууж, Засгийн газар болон УИХ-ын зүгээс гаргасан санал, дүгнэлтийг хэрхэн гэрээнд тусгах вэ гэдгийг ярилцлаа. Үүний үр дүнд нэлээн ахиц гарсан. Тухайлбал, гэрээний үргэлжлэх хугацаа 30 жил байна. Дараа нь шууд 20 жилийн хугацаагаар сунгана гэж байсан бол энэ удаад сунгах асуудлыг тодорхой нөхцөлтэйгээр шийдвэрлэхээр болсон. Хөрөнгө оруулагчийн зүгээс гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг Монголын талаас дүгнэсний үндсэн дээр гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн энэ удаад Засгийн газарт хоёр хувилбарыг авч үзэх боломжийг өгсөн. Нэгдүгээр хувилбараар Монголын тал 34 хувийг эзэмших, эсвэл энэ хувь хэмжээг эзэмшихгүй боловч ямар ч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтгүйгээр ашгаа аваад явах гэдэг хоёр дахь хувилбарыг бид ярилцсан юм. Аль аль хувилбарын хүрээнд Монголын талд очих орлого, ашиг шаардлагын хэмжээнд буюу 50-иас илүү хувь байх юм гэдгийг Засгийн газар ч, хөрөнгө оруулагч тал ч судалгааны үндсэн дээр тодорхойлсон. Тэр үндсэн дээр УИХ-ын зүгээс энэ хувилбаруудын алийг сонгох вэ гэдэг асуудлыг хэлэлцүүлгийн дүнд шийдээд байна

-Энэ нь Оюутолгойн ордыг ашиглах компанийн 34 хувь байх аа? Энэхүү 34 хувь гэдэг нь чухам юуны хувь хэмжээ болохыг хүмүүс сайн ойлгохгүй байна. Зарим УИХ-ын гишүүн хүртэл буруу ойлгоод байгаа бололтой. Тийм учраас ашигт малтмал нь 100 хувь Монголынх байхад үүнээс 34 хувийг нь бид зээлээр авч байна гэсэн шүүмжлэл гардаг. Үүнийг тайлбарлана уу?

-Тийм ээ. Энэ нь Монгол Улсын ашигт малтмалын хуулийн дагуу орд газрын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа компани буюу аж ахуйн нэгжийн 34 хувийг эзэмших тухай заалтын хүрээнд шийдэгдэж буй асуудал юм. Анх бид 2007 онд "Айвенхоу Майнз", Засгийн газрын ажлын хэсгийг хэлэлцээрийн ширээний ард сууж байх үед "Айвенхоу" компанийн зүгээс жишээлбэл, Торонто болон Нью-Йорк хотын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг эзэмших үү гэдэг саналыг тавьж байсан. Харин Монголын Засгийн газрын ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримтална гэдэг хариу өгсөн юм. Түүнээс биш газрын дор байгаа баялгийн 34 хувийг Монголын тал, 66 хувийг хөрөнгө оруулагч эзэмших гээд байгаа хэрэг биш л дээ. Эсвэл баялгийг 100 хувь хөрөнгө оруулагч авчихаад 34 хувийг Монголын талд зарах гээд байгаа асуудал биш юм. Энэ асуудлыг хүмүүс зориуд гуйвуулж ард түмэнд буруу ойлголт өгөх гээд байгаад харамс байгаа.

-Тэгэхээр газрын дорх баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, цаашилбал ашиглахгүй хав дарах эрх нь ч Монголын талд 100 хувь байгаа гэж ойлгох хэрэгтэй юү?

-Монгол Улсын Үндсэн хуулиар газрын дорх баялаг ард түмний мэдэлд байхаар заасан. Тэр баялгийг аль нэг компанийн хөрөнгө, дүрмийн санд тооцож үнэлэх боломж байхгүй юм. Хэрэв тэгэх юм бол ёстой Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно.

-Монголын тал компанийн 34 хувийг эзэмших юм байна. Тэгвэл газар дорх Оюутолгойн баялгийн хэдэн хувийг эзэмшиж таарах вэ?

-Үгүй, тийм тооцоо хийж болохгүй. Газар дор байгаа баялгийг ухаад гаргаад ирсэн хойно л тэр бүхэн нөөц болдог. Гаргаад ирсэн хойно түүнийг зарж борлуулсны дараах ашгаас Монголын талд өгөгдөж байгаа болохоос биш газар дорх баялгийг Монголын талд үнэлж өгч байгаа хэрэг биш л дээ.

-Тэгвэл олборлоод гаргаад ирсний дараа Монголын талын хүртэх хувь, ашиг хэдэн хувь байхаар тооцоолж байгаа вэ?

-Тэрхүү ашиг орлогын хэмжээ нэгдүгээрт, оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаална. Хоёрдугаарт, зардлаасаа шалтгаална. Энэ удаагийн яриа хэлэлцээний үр дүнд Монголын тал давуу нөхцөлийг авсан. Тэр нь юу гэхээр хөрөнгө оруулагчийн зүгээс гаргаж байгаа зардлын хэмжээнд жил бүр аудит хийлгэх эрхийг авсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн зүгээс зардлаа ихэсгээд ашиг орлогынхоо хэмжээг буулгаад байх юм биш биз гэсэн болгоомжлолын үүднээс ийм хязгаарлалт тавьсан. Хамгийн гол ашиг орлогын хэмжээг тогтоох үндсэн хүчин зүйл металлын үнэ. Зэсийн үнэ өндөр байх тусмаа хоёр талд ашигтай гэдэг нь ойлгомжтой. Мэдээж ашиг орлогоо хоёр тал хэрхэн хуваах вэ гэдэг хувь хэмжээ, харьцаанд өөрчлөлт гарч таарна. Монголд үйлчилж байгаа татварын тогтолцооны үр дүнд зэсийн үнэ өндөр байх тусмаа ашиг орлогын хувь хэмжээ өсөөд явна. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ бага байх тохиолдолд Монголын талд очих ашиг орлогын хувь хэмжээ 55 орчим хувь байх тооцоо гарсан. Харин зэсийн үнэ дээшээ өгсөх юм бол Монголын талын ашиг орлого 76-77 хувь хүрэхээр тооцоог сая хоёр тал ярьсан. Монголын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ч ийм тооцоог хийсэн байна лээ. Нэг үгээр бол Монголын талын ашиг 55-76 орчим хувьд очих нь ээ гэж ойлгож болно. Гэхдээ энэ харьцаа их сонин. Монголчуудын хүлээлт цаг хугацааны хувьд өөрчлөгдөөд яваад байгаа юм.

-Тэр нь чухам юу гэсэн үг вэ?

-Та бүхэн мэдэж байгаа, 2005 онд гэрээний асуудал жинхэнэ ёсоор босч ирэх үед Монголын тал ашиг орлогын 50 хувиас доошгүйг авах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр өнөөдөр ярьж хэлж байгаа хүмүүс "Оюутолгой 50 х 50" гэсэн хөдөлгөөнийг тухайн үед байгуулаад явж байсныг санаж байгаа байх. Тэгвэл сая тэдний нэг нь ердөө хоёр, гуравхан хоногийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулахыг эсэргүүцээд Монголын тал ашиг орлогын наяас доошгүй хувийг авах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Монголын талын хүртэх ашиг орлого 50 хувиас 80 хувь болж нэмэгдэж байна гэдэг нь тэр хэрээр хөрөнгө оруулагч талд хүндрэл үүсч байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулагч тал бүх санхүүжилтийг гаргаж байна, энэ ордыг өөрсдөө нээсэн, цаашдаа ч төслийг хөгжүүлэх бүх зардлыг, эрсдлийг ч өөрсдөө хариуцаад явах гэж байгаа хүмүүс хорьхон хувийн ашгийг хүлээж авах юм уу, үгүй юү гэдэгт би туйлын их эргэлзэж байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ашиггүй, монголчуудад хохиролтой гэрээ болох гэж байна гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа хүмүүс Оюутолгойн баялаг 100 хувь биднийх, ард түмний байх ёстой гэж үздэг. Яг ямар тохиолдолд, ямар аж ахуйн болоод эдийн засгийн аргаар бид баялгаа 100 хувь эзэмшиж болох вэ. Ер нь ийм байж болох туршлага дэлхийд бий юү?

-Тийм юм яриад байгаа хүмүүс энүүхэн хавьдаа гуу жалгынхаа үзлээс гарах хэрэгтэй байгаа юм л даа. Тодорхой жишээ байна шүү дээ. Эрдэнэтийн орд газрыг ашиглаж байгаагийн хувьд Монгол зэс үйлдвэрлэгч орон гэсэн нэр хүндийг олон улсын зах зээл дээр нэгэнт олоод авчихсан. Тэр Эрдэнэтийн үйлдвэр дээр л гэхэд чинь эхлээд 50х50 гэсэн харьцаагаар хуваан эзэмшиж байгаад сүүлд 51х49 хувь болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, 49 хувь нь Оросын буюу хөрөнгө оруулагч талдаа байгаа гэсэн үг.

Тэгэхээр тийм жишээ эрээд хол явах шаардлага байхгүй юм л даа. Бусад оронд ч гэсэн Оюутолгой шиг ийм том хэмжээний орд газрыг голдуу гадаад орны туршлагатай, санхүүгийн боломжтой, нэр хүндтэй аж ахуйн нэгжийн оролцоотойгоор л ашигладаг. Чилид гэхэд дангаараа төрийн өмчид 100 хувь байдаг "Кодилко" гэх зэрэг улсын үйлдвэрийн газрууд байдаг. Гэхдээ тэнд чинь бас маш олон тооны гадаадын хөрөнгө оруулалттай, ялангуяа 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч гэсэн уул уурхайд зөндөө байгаа юм. Жишээлбэл "Кодилко" гээд улсын компани, түүний бүрэлдэхүүнд 3-4 уурхай байдаг. Гэтэл тэрний нэг уурхай нь "Эс Кондида" гээд маш том дэлхийд дээрээсээ 3-4 дүгээрт ордог том зэсийн орд, уурхай байдаг. Тэр "Эс Кондида"-гийн уурхайг өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулдаг "Рио Тинто" компани, дэлхийд хамгийн том компани болох "Би Эйч Би", Японы компаниуд ч гэсэн хөрөнгө оруулаад хувь эзэмшээд явж л байгаа байхгүй юу. Зөвхөн татвараа Чилийн Засгийн газарт төлдөг.

Тэрнээс биш Чилийн Засгийн газар өөрөө тэнд олборлолт явуулдаггүй. Австрали байна, дандаа хувийн, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд байж байгаа.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гэснээс манайхны дунд нэг түгэмэл буруу ойлголт байгаа юм. Тэр нь юу гэхээр Айвенхоу Майнз компани Оюутолгойн баялгийг бирж лээр зараад байна гэж тайлбарлаад байгаа юм. Үнэндээ тийм юм байхгүй шүү дээ. Оюутолгой ямар ч үйлдвэрлэл явуулаагүй, бүтээгдэхүүнээ гаргаж эхлээгүй байхад чинь хөрөнгийн бирж дээр аваачаад зарна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тэгэх юм бол бирж дээр бусад орны уул уурхайн компаниуд хувьцаагаа гаргаад зарж л байна. Америкт уурхай эзэмшдэг компаниуд бирж дээр хувьцаа гаргаад зарж байхад Засгийн газар нь манай баялгийг зарлаа гээд заргалдахгүй л байгаа биз дээ. Өнөөдөр "Рио Тинто" дэлхийн 40-өөд оронд үйл ажиллагаа явуулж байна. "Рио Тинто" АНУ, Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад зардаг. Тэглээ гээд нөгөө 40-өөд орон Рио Тинто манай нөөц баялгийг энд, тэнд аваачаад зараад байна гэдэг асуудал тавьдаггүй л юм. Ганцхан манайх л ингээд байдаг. Энэ ямар учиртай юм гэхээр Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, хөгжүүлж байгаа хүмүүс нь өөрсдөө төөрөгдөлд орчихоод буруу мэдээлэл цацаад байдагтай холбоотой.

-Гэрээний төслийн талаар бодитой олйголтоос шүүмжлэл нь давамгайлж байгааг та бүхэн мэдэрч байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ч, хөрөнгө оруулагчид ч гэрээний хэлэлцээний явцын талаар мэдээлэхээс зайлсхийж ирсэнтэй холбоотой болов уу?

-Уг нь монголчууд энэ асуудалд нухацтай хандаад мэдээлэлтэй, мэдлэгтэй болох цаг нь болчихоод байгаа юм. "Айвенхоу" компани анх 2000 онд орж ирсэн, 2001онд алт, зэсийн томоохон орд нээчихлээ гэдгээ зарласан. Тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудал тав, зургаан жил үргэлжилж байгаа. Энэ хугацаанд бусад улсын туршлага ямар байдаг юм бэ гэдгийг нухацтай судалчих цаг нь байсан. Гэтэл хэтэрхий улстөржөөд энэ асуудалд нухацтай хандахгүй, цаг алдчихаад байна.

Энэ их том орд, том хөрөнгө оруулалт, асар их нөөц яригдаж байгаа учраас улстөржихөд амархан сэдэв л дээ. Тийм ч учраас дурын улстөрч шүүрч аваад, иргэний нийгмийнхэн ч гэсэн сүүлийн хэдэн жил эсэргүүцлээ. Эсэргүүцсэний хүчинд УИХ-д нэр дэвшээд явсан. Тэд өөрсдийгөө Монголын ард түмний нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийн үүднээс ярьж байна л гээд байгаа боловч өнгөрсөн орны сонгуулиар иргэний хөдөлгөөний тэдгээр зүтгэлтнүүд нэр дэвшээд очиход ард түмний хэдэн хувь нь дэмжсэн билээ. Тав, арван хувиас илүү санал аваагүй шүү дээ. Тийм бага дэмжлэгтэй хүмүүс "ард түмний нэрийн өмнөөс" гээд цээжээ дэлдээд яваад байгаад би монгол хүний хувьд гайхдаг л юм.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс иргэний хөдөлгөөний тэдгээр хүмүүстэй өнгөрсөн хугацаанд уулзаж, ярьж хэлснийг нь судалж байсан уу. Тэдэнд Монголын ард түмэнд хамгийн ашигтай нь энэ гэх хувилбар байдаг уу?

-Тэдэнтэй уулзаж байсан, уулзаж байсан. 2007 онд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч хэлж байсан л даа. Гэрээний төслийг бэлэн болгочихлоо. Санал бодлоо тусгаач гэж хүссэн. Гэвч тэдэнд тодорхой санал, зүйл байдаггүй юм. Зүгээр л шүүмжлээд байдаг, шүүмжлэхийн тулд шүүмжлээд байдаг гэдэг тайлбарыг өгч байсныг санаж байна.

Бид ч тэдэнтэй уулзаж, санал солилцож байсан. Өгүүлж буй асуудал дээр нь тодорхой хариултуудыг өгч байсан. Яг тухайн асуудалд нь хариу өгчихөөд өөр нэг асуудал зөрүүлээд гаргаад ирдэг юм. Тэгээд л 34 хувийг авах болчихлоо гэхээр 50 болгох хэрэгтэй гэнэ. 50 хувийг өгөхөөр боллоо гэвэл 80 хувь болго гэнэ. Иймэрхүү маягаар л асуудалд ханддаг. Өөрсдөд нь тодорхой зорилго байх.

-Ийм гэрээ байгуулах нь Монголд ашиггүй гэдгийг иргэний хөдөлгөөнийхөн төдийгүй шийдвэр гаргах төвшний хүмүүс ч хэлж байна. Та нарын хувьд Монголын талын ашгийг хамгийн боломжийн хэмжээнд хангаад байгаа гэж өөрсдөө хэлэх байх. Тухайн улсад нь хамгийн өндөр үр ашигтай байх ямар нөхцөл байдаг вэ?

-Монгол Улсад хуулиараа стратегийн орд газрын 34-51 хувийг эзэмшинэ гэчихсэн байгаа. Ийм хууль дэлхийн өөр аль ч улс оронд байдаггүй. Уул уурхайн салбарын өргөн мэдлэгтэй, туршлагатай улсууд хэлж байгаа л даа. Төрийн оролцоо 34 хувь гэдгийг өндөр байна гэж үздэг. Нөгөө талаас Монголын тал орд газрыг ашиглахад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Зөвхөн орд газраа ашиглуулж байгаа, түүнээс татвараа авна, ашгаа авна. Эрсдэл байхгүй, үүрэг хүлээгээгүй. Хөрөнгө оруулалтын гуравны нэг буюу 34 хувийг нь Монголын Засгийн газар гаргах ёстой боловч хөрөнгө оруулагчийн талаас гаргаж байгаа. Гэхдээ тэр зээл бол өр биш. Яагаад гэхээр Монголын тал үүнийг ямар ч тохиолдолд төлөх үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ төсөл амжилтгүй болоод Оюутолгойн орд газраас бүтээгдэхүүн гарахгүй ч юм уу, зэсийн үнэ шалдаа уналаа гэхэд тухайн үйлдвэрийн газар зогсох болно. Тэглээ гэхэд Монголын Засгийн газар өнөөдөр гаргаж байгаа 1.7 тэрбум ам.доллараа төлөх үүрэг хүлээгээгүй. Энэ үүднээс бол Монголын талд эрсдэл биш. Том хэмжээний өр ч биш юм.

-Монголын тал энэхүү 34 хувийн хөрөнгө оруулалтаа бас зээлээр авч байгаа. Энэ зээлийн нөхцөлийг энэ удаад хөнгөлсөн гэсэн. Тухайлбал, анх яригдаж байхад зээлийн нийт хүү 14 хувь гэж байсан, одоо хэд болж буусан бэ?

-Үгүй, хүүгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Харин 2007 онд хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбарыг ярьж байхад хүүгийн хэмжээг өөрөөр авч үзэж байсан. Тэр үед дэлхийн зах зээлд зэс металлын үнэ өндөр байсан. Тэгэхэд төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг олоход бэрхшээл байгаагүй. Тэгээд ч зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт, банк, санхүүгийн байгууллагуудын боломж өндөр байсан учраас харьцангуй хямдхан санхүүжилтийг санал болгох боломж байв. Лондонгийн банк хоорондын арилжааны хүү дээр нэмэх нь 3.3 хувь гэдэг тооцоог хийж байсан юм. Лондонгийн банк хоорондын арилжааны хүү 1.1 хувь байсан санаж байна. Нийт 4.4 хувийн хүүг Монголын тал төлөхөөр байсан. Тэрнээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Дэлхийн зах зээл ч өөр нөхцөл байдалтай болчихлоо. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олоход тодорхой хэмжээний бэрхшээл учирч болзошгүй байна. Энэ үүднээсээ санхүүжилтийн хүүгийн хэмжээ нэмэгдчихэж буй юм. Одоо бол арав гаруй болчих гээл байна л даа. Тэр үед бол 4.4 хувийн хүү Монголын тал санхүүжилтэд ногдож байсан бол өнөөдөр 11-12 хувь орчим. Хооронд нь 7-8 хувийн зөрүүл гарчихаад байгаа юм.

Мөнгө өөрөө тодорхой хэмжээгээр эд бараа юм шүү дээ. Товарийн төвшинд очихоор "энэ мөнгийг өөр төсөлд зарцуулсан бол ямар хэмжээний ашиг орлого олох боломжтой байсан бэ" гэдгийг эдийн засагчид тооцоолж гардаг. Тэр өртөг маань долоон хувиар нэмэгдчихэж байгаа юм. Цаг алдсан хоёр, гурван жил Монголын талд алдагдалтай болчихоод байгаа хэрэг.

-Танай компани нийт нөөцийн 10 орчим хувийг л улсын нөөцийн бүртгэлд бүрүтгүүлсэн, 90 хувийг нь "нууж байна" гэсэн шүүмжлэл бас байна?

-Үгүй ш дээ. Үндсэндээ Айвенхоу төсөл дээр найм, есөн жилийн турш хайгуул хийлээ. Өмнө нь ч өөр компаниуд хийж байсан. Арван хэдэн жил хайгуул хийсний үр дүнд 45 сая тонн зэсийг агуулсан хүдэр тэнд байна гэж үзэж байгаа юм. Үүнээс сая долдугаар сарын 1-нд Монголын эрдэс, баялгийн зөвлөлөөр хэлэлцээд 45 сая тонныг эдийн засгийн үр өгөөжтэйгээр ашиглах боломжтой гэдэг дүгнэлт гаргаж, Монголын эрдэс баялгийн бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан. 45 сая тонн зэс байгаагаас 25 сая тонныг нь эдийн засгийн үр ашигтай гэж үзэж болно. Үлдсэн 20 саяыг нь эдийн засгийн тодорхой нөхцөлд ашиглах боломжтой, өөрөөр хэлбэл, зэсийн үнэ нэмэгдсэн тохиолдолд бага агуулгатай ч гэсэн илүү хэмжээний зардал гаргаад ашиглаж болно гэж үзэж байгаа юм. Өнөөдөр 45 сая тоннын 25 саяыг нь албан ёсоор бүртгэчихлээ. Тэнд агуулагдаж байгаа зэсийн бараг 60 хувийг нь ашиглахаар улсын бүртгэлд бүртгэчихсэн гэсэн үг. Нийтдээ 1800 тонн алт байгаа гэсэн хайгуулын ажлын үр дүн гарсан. Үүнээс 1000 тонныг нь эдийн засгийн ашигтайгаар ашиглаж болох нь ээ гэж үзээд Монгол Улсын эрдэс баялгийн бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.

-Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг "Рио Тинто", "Айвенхоу Майнз Лимитед", "Айвенхоу Майнз Монголиа Инк" компаниудтай байгуулахаар болж байна. Энд "Рио Тинто" компанийн чадавхид эргэлзсэн, тус компанийг маш их өртэй гэдэг асуудлыг УИХ-ын гишүүд сөхөж байна?

-"Рио Тинто" компани, "Айвенхоу Майнз" компани энэ том газрыг ашиглах санхүүгийн чадавхгүй гэсэн шүүмжлэл гаргаж байна лээ. Үүнд тодорхой хариу хэлмээр байна. "Рио Тинто" компани дээрээсээ гуравт орохоор компани байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар 38 орчим тэрбум долларын өртэй байсан. Тэрнийхээ ес орчим тэрбумыг энэ жил, ирэх жил ч бас тэр хэмжээний өрийг төлөх ёстой юм байна лээ. Гэхдээ тэр төлбөрүүдээ хийх эх үүсвэрээ өнгөрсөн хоёр, гурван сарын дотор олчихсон гэж би ойлгож байгаа. Жишэлбэл, 15 тэрбум ам.долларын хувьцаа гаргаад Англи болон Австралийн зах зээл дээр гаргаад борлуулчихлаа. Дээр нь "Би эйч Биллитон" компанитай хамтраад Австралийн төмрийн орд дээр компани байгуулахаар бол тус компаниас таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсон. Ийм богинохон хугацаанд "Рио Тинто" компани 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт олчихож байна. Үүнээсээ 4-5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэрийг яаж хийх вэ гэхээр гэрээ байгуулчихлаа гэхэд 2009 онд 500 сая, 2010 онд 1.3 тэрбум, 2011 онд дахиад 1.4 тэрбум орчим, 2012 онд 1.5 тэрбум ч юм уу, өөрөөр хэлбэл жилдээ дунджаар 1-1.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явчих учраас "Рио Тинто" шиг компанид энэ талаар ямар нэг хүндрэл үүснэ гэж би хувьдаа бодохгүй байна. Өөрөөр хэлбэл, жилдээ олж байгаа ашгаасаа 1.5 очим тэрбум ам.долларын санхүүжилт хийгээд явахад тэдэнд санхүүгийн ямар нэг хүндрэл учирна гэж бодохгүй байна.

Ярилцсан З.БОРГИЛМАА

Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэхээр боллоо

 Бүтэн хоёр сарын турш УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэ­­лэлцэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өчигдөр чуул­ганы нэгдсэн хуралдаанаар авч хэ­лэлцлээ. Эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоосон нөөцөөр Оюутолгойн хөр­сөнд 22 сая тонн зэс, 800 орчим тонн алт бий. Хуралдаанаар гэрээний төслийг “хэлэлцэх, эсэх” асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхийн өмнө гишүүд ажлын хэсэг, засгийн газрын гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ на­рын гишүүд тогтоолын төслийн хэлэл­цэх хугацааг хойшлуулах санал гар­гас­ныг Засгийн газрын тэргүүн шүүмжилж, Улсын их баяр наадмаас өмнө амжиж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахгүй бол дэлхийн эдийн засгийн хямралын хоёр дахь давалгаанд Монгол Улс цохигдох аюултайг анхааруулж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өөр хөрөнгө оруулагчийн эрэлд мордохоос аргагүй байдалд хүрэхийг сануулав.

Гэрээний төслийг УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаанаар “хэлэлцэх эсэх” асуудлаар санал хураалт явуула­хаас өмнө гишүүд Засгийн газар, ажлын хэсгийнхнээс зарим зүйлийг асууж, мөн байр сууриа илэрхийлсэн юм.


УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Хөрөнгө оруулалтын гэрээний тө­сөлд тусгаснаар Айвенхоу Майнз ком­пани дөрвөн төрлийн татварын хөнгө­лөлт эдэлнэ. Нэгдүгээрт, 68 хувийн тат­­вараас чөлөөгдөнө. Хоёрду­гаарт, гадаад­ын ажиллах хүчнээс 30 хувийг нь хөнгөлж байгаа бол үйлдвэр бари­хад шаардлагатай техник хэрэгслийг га­даадаас оруулж ирэхэд гаалийн тат­вараас чөлөөлнө. Эцэст нь ноогдол аш­гийн татварыг 20 хувиар тогтоосныг тав болгож буулгасан. Гэтэл Оросын Алтан дорнод Монгол компани Монгол Улсын Засгийн газрыг 68 хувийн татвар авсан гэдэг үндэслэлээр Олон улсын арбитрын шүүхэд өгчихөөд байдаг. Хэрвээ Айвенхоу Майнз ком­панийг 68 хувийн татвараас хөнгөлөх юм бол Алтан дорнод Монгол компа­нийг ялгаварласан болж, Монгол Улс Олон улсын конвенцид заасан үүргээ зөрчих болчихоод байгаа. Үүнийг Засгийн газар яаж зохицуулах вэ?


УИХ-ын гишүүн Д.Энхбат:

-Мон­голын арван бизнесмэнийг нэг сая төгрөгөөр цалинжуулаад гэрээ хийл­гэсэн бол илүү эдийн засгийн агуул­гатай хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулж чадах байсан. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэс­гийнхний толгой үнэндээ хүрэхгүй байна шүү дээ, энэ гэрээг байгуу­лахад. 34 хувийг эзэмшсэнийхээ төлөө дөрвөн тэрбумыг буцаан төлж, 10, 20 жилийн дараа орж ирэх 500 сая ам.долларын ашиг горьдож суухгүй байсан?


Сайд Д.Зоригт:

-34 хувийг Монго­лын төр эзэмшинэ, дээр нь хөрөнгө оруу­лагчдын зүгээс үйлдвэр барихаас эхлээд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг манай улсад хийх учраас татвараас хөнгөлөх хэрэгтэй гэж үзсэн.


Ерөнхий сайд С.Баяр:

-Яагаад ийм гэрээ болчихсон бэ гэвэл хуулиндаа байгаа. Бид үндэсний боловсон хүч­ний­хээ нөөцийг ашиг­лаад энэ зэрэгтэй гэрээ байгуулахаар болчихоод байгааг хувьдаа би үнэлж байгаа. Хэдийгээр би Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ч гэлээ энэ гэрээтэй холбоо­тойгоор чадахгүй, мэдэхгүй зүйлтэй­гээ өдөр бүр тулгарч байлаа. Энэ бол бизнесийн гэрээ, аль ч хувилбараа­раа. 34 хувиа эзэмшсэн ч, эсвэл бүх төр­лийн татвараа ноог­дуулсан ч Мон­гол Улсад орж ирэх ашиг 55-77 хувьд хэлбэлзэнэ. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүр­лэчи­хээд байна, хямралын хоёр дахь давалгаа ирэх нам­раас дахин цохино гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа. Одоогийн нөхцөлд, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр Оюутолгойг ашиглах ажлыг эхлүүлэх нь Монгол Улсын эдийн засагт ашигтай гэж хувьдаа би дүгнэж байгаа. Наадмаас өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахгүй бол Рио Тинто буцна. Хэрвээ та нар хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчдыг алдчихгүй байх хэмжээнд засаасай гэж хүсэх байна.


УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

-Гэрээг хийсэн Засгийн газар Мон­гол Улсынх уу, гадаадын компа­нийн эрх ашгийг хамгаалдаг Засгийн газар уу. 34 хувийг эзэмшсэнийхээ төлөө дөр­вөн тэрбу­мыг буцааж төлнө. То­ронтогийн бирж дээр долдугаар са­рын 1-нээс хойш Айвенхоу майнз ком­па­нийн хувьцаа өдөр бүр 100 сая ам.доллараар өсч байна. Урьд өмнө бай­­г­аагүйгээр, хам­тарсан компанийн хувь­­­цаа өсч байсан бол яах вэ. Бас нэг ноцтой баримт, Айвенхоу майнз ком­­пани нэг жилийн өмнө 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгдсэн хэр­нээ одоо таван тэр­бу­­мын хөрөнгө оруулсан гэж өсгөж бай­­на. Энийг та нар юу гэж тайлбарлах вэ?


Сайд Д.Зоригт:

-Хоёр хувилбар байсан. Нэгдүгээрх нь 34 хувийг эзэмших. Хоёр дахь нь 34 хувь эзэмшихгүйгээр бүх төрлийн татвараа авах. УИХ дахь намын бүл­гүүдээр энэ хоёр хувилбарыг хэлэл­цүүлээд, эхний хувилбарыг сонгосон. Эдийн засгийн хувьд илүү өгөөжтэй гэж үзсэн учраас. Ингэснээр эхний жил 180 сая ам.дол­лар, дараа жилээс нь нэг тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, 3-4 жилийн хугацаанд 30-40 тэрбум төгрөгийг авто замд оруула­хаар байгаа. 43 сая ам.долларыг усны асуудал шийдэхэд хөрөнгө оруулна. Дээр нь боловсролын салбарт 20 сая ам.доллараас доошгүй хөрөнгө оруу­лалт хийнэ. Мөн монгол ажилчдын сарын цалин 500 ам.долларт хэлбэлзэнэ. Иймээс гэрээний төслийн талаарх хэлэлцүүлэг чуулганы үдээс хойшх хуралдаанаар ч үргэлжилсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс хой­ших нэгдсэн хуралдаанаар Оюу­тол­гойн ордыг ашиглах хөрөнгө оруу­лалтын гэрээний төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд, Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригтод асуулт тавьж, мөн байр сууриа илэрхийлэн са­налаа хэлцгээсэн юм. Энэ үеэр гишүүд ямар үзэл бодолтой байсныг товчлон хүргэж байна.

 

Гишүүн Э.Бат-Үүл:

 -”Айвенхоу Майнз” компанийн удирдлага ком­паниа Хятадад худалдаж бо­лох уу? Үүнийг асуумаар бай­на. Д.Зоригт сайд­тай хэлэл­цээ хийх гээд хэлэлцээрийн ширээний ард компанийн эзэн гэж өөр хүн сууж байх вий. Компанийн эзэд Хятадын талд илүү ашигтайгаар зараад гарчих боломжтой. Хятадын тал илүү улс төрийн зорилготойгоор орж ирж болно. Хэрэв Хятадын тал компа­нийг эзэмшвэл бид дагаж орох болно шүү. “Рио Тинто” хувьцаагаа зараагүйн төлөө удирдлагыг нь Шанхайд аваачиж байцаасан. Ийм юм руу орчих юм биш биз. Дор­нодын нэг компанийг Хятадын тал худалдаж авсан байна. Биднийг дарамтлах бүх боломж Хятадад бий. Дээр үед төмөр замыг хааж дарамталж байсан удаа бий.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан:

-“Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-той гэрээ хийж чадахгүй бол өөр компанитай гэрээ хийх боломжтой.

 

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Энэ хоёр компанийн гэрээний хугацаа аравдугаар сард дуусна. Өөр хөрөнгө оруулагч орж ирэх магадлалтай. Гэрээнийхээ эрх үүргийг “Айвенхоу Майнз” өөр компанид шилжүүлэх боломжгүй.


Гишүүн Х.Бадамсүрэн:

-Өнөөдөр уул уурхайн бая­жуулах үйлдвэрийн ашгийн талаар ярьж байна. Хүлээгдэж буй үр ашиг нь зэс хайлуулах, гүн боловсруулах үйлдвэрийн төвшинд яригдах учир­тай. Гэрээний зарим хэсгийг илүү боловсронгуй болгох боломж бий байх. Хэлэлцэх нь зүйтэй.

 

Гишүүн Н.Батбаяр:

-Татварын ерөнхий хуульд өөрч­лөлт оруулж гэрээ байгуулс­наар татварыг гэрээгээр зохицуул­даг болох гэж байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгуулла­гын гишүүн орон. Аль нэг компа­нийг онцгойлон хөнгөлөлт үзүүлж болохгүй. Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн нөхцөлийг зөрчиж байна. Эцэст нь тэдний өмнө манайх хариуцлага хүлээж гэрээ байгуулснаасаа илүү өрд унаж болзошгүй. Татварын хөнгө­лөлт үзүүлбэл бид “Айвенхоу Майнз”-аас гэнэтийн ашгийн тат­вар авахаа болино. Тэгвэл Эрдэ­нэтээс ч авахаа болино. Хүүхдийн мөнгө олгох эх үүсвэргүй болно. Гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дотор мөнгө босгоно гэжээ. Мөнгөгүй хөрөнгө оруулагч байх уу? Ордыг 2011 оны долдугаар сараас ашиглаж эхлээд таван жилийн дараа ашиглалтад оруул­на гэвэл Монголын ард түмэн долоон жилийн дараа үр ашгийг нь үзэх үү?

 

Гишүүн О.Чулуунбат:

-Оюутолгойн гэрээг баталбал манай эдийн засагт маш сайн эхлэл болно. Манайд гаднын олон бизнес, Ерөнхий сайдын хэлснээр 200 гаруй бизнес орж ирнэ. Бид маш их цаг гарзадлаа. Оюутолгойг ашиглах цаг болсон.

 

Гишүүн Ч.Сайханбилэг:

-Шийд­вэр яаж ч гар­сан борооны дараах мөөг шиг олон эх оронч төрнө. “Рио Тинто”-г Монголоос өшиглөөд гаргавал хэдэн Засгийн газар огцруулснаас ноцтой зүйл болно. Дэлхийд нэртэй “Рио Тинто” хөөгд­чихсөн байхад өөр хэн Монголд хөрөнгө оруулах гэж ирэх юм. Орос, Хятад л орж ирнэ. Тэр хоёрын дунд түгжигдсэн нууцлагдмал, харанхуй Монгол болохыг хэн хүсэх юм бэ. Улстөрчдөд Орос, Хятадын талыг баригч гэсэн нэр л үлдэнэ. Гурван улсын хэлэлцээр 1915 онд болж хоёр хөршийн хэн нь Монголд илүү нөлөөлөх вэ гэдгийг ярьсан. Одоо Хиагтын тэр хэлэлцээрийн 100 жилийн ой дээр хоёр хөршид Монголоо худалдах тухай ярьж байна. Монгол Улс ОХУ, Хятадын бөөрөнд наалдсан улс байхыг хүсэхгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө би энэ үгийг хэлж байна. Алдагдсан гурван жилийн хөгжлийн төлөө хариуцлагыг хэн хүлээх вэ. Манай 2,6 сая хүн бүгд уурхайчин болсон, одоо бүгд уранчин болно. Гэрээг хэлэлцэх ёстой.

 

Гишүүн Н.Энхболд:

-Гэрээ ганц талаас бус хоёр та­лаас ха­маарч бай­на. Гэрээг хэ­лэл­цэхийг дэмжиж бай­на. Хоёр жи­лийн өмнө гар­гасан гэрээний хувилбар муу байгаагүй. Одоо түүнээс дордож байна. Гэхдээ хойшлуулаад байвал сайн болно гэж харагдахгүй байна. Цаашид аж ахуйн ажлыг УИХ руу оруулж ирдгийг болих хэрэгтэй.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа санал хураа­хад 39 гишүүн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ­ний төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Харин П.Алтангэрэл, Д.Арвин нарын 13 гишүүн татгалз­сан юм. Тэднийг нөхөд нь “Элсний 13” гэж нэрлэнэ лээ. Гэрээний төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр болов.

 Д.ОЮУН


Сар бүрийн эхний өдрийг архигүй өдөр болголоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгох тогтоол баталлаа. Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан санал болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим заалтыг үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журманд өөрчлөлт оруулан үйлчилгээний нийт газрын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шөнийн 00 цагт хаасан байхаар болгожээ. Энэ сарын 1-нээс эхлэн энэхүү шинэчилсэн журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосон байна. Өмнө нь дүүрэг тус бүрдээ архи согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөртэй байсан  ч шинэ журам гарснаар ийнхүү нэгдсэн нэг өдөртэй болж байгаа юм.

Х.Хангай

1.5 саяас татгалзаад Оюутолгойгоо авч үлдье, ард түмээн

Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг УИХ-аар хэлэлцэхээр болсон нь иргэний хөдөлгөөнүүдийг Сүхбаатарын талбайд цуглахад хүргэжээ. Яг одоо Сүхбаатарын талбайд “Миний монголын газар шороо” “Үндэсний соёмбо”, Шударга иргэдийн фронт”, “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөнүүдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Мөн уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачдын төлөөлөл ч үгээ хэлж буй юм.  

 

“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн М.Болд “2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д зааснаар Монгол Улс стратегийн орд газартаа хөрөнгө оруулж чадахгүй бол 34 хувийг эзэмшиж чадахгүй гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэж Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз” компанитай гэрээ байгуулах гэж байна. Гэрээг байгуулахын тулд есөн жилийн өмнөөс “Айвенхоу майнз” компани УИХ-д өөрсдийн хүнээ шургуулж, хуульд дээр дурдсан заалтыг оруулж чадсан. Гэтэл Оюутолгой гэх бор толгойн хөрсөн доор 450 сая тонн зэс, 1800 тонн алт бий. Дэлхийн бирж дээр нэг грамм алт 38 ам.долларын үнэтэй. Нэг кг алт 38 мянган ам.доллар болно. Нэг кг алтыг бид гадныханд алдана гэдэг нь нэг өрөө байрны мөнгө алдсантай энэ тэнцэнэ. Ийм хохиролтой гэрээг Засгийн газар УИХ-ыг шахаж байгаад өнөө, маргаашгүй батлуулах гэж байна. Дахиад тоо хэлье, Оюутолгойгоос 250 тэрбум ам.доллар босгоно гэсэн тооцоо байдаг. Үүнээс ердөө долоон тэрбумыг Монгол Улсад өгөхөөр байсныг бид тэмцэж, жагссаныхаа хүчинд 19 тэрбум болгож өсгөсөн. Гэсэн хэдий ч бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад бид эрдэс баялгийнхаа эзэн нь байж, 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшиж  болдоггүй юм бэ. 250 тэрбум ам,доллар хэний өмч вэ, Монголын ард түмнийх. Фрийдланд тэр эрдэс баялгийг Өмнөговийн хөрсөнд авчраад булчихаагүй. Хэрвээ УИХ-аар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталдаг л юм бол, монголчууд ташуураа бариад мордохоос өөр арга байхгүй. Бүгдээрээ тэмцэж байж, Оюутолгойгоо авч үлдэх ёстой. Энэ бол эрхтэн дархтануудын өмч биш, нийт Монголын ард түмний хөрөнгө” гэлээ.  

н.Владимир  “Засгийн газраас  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж чадвал ард түмэндээ 1.5 сая төгрөг өгнө гэж байгаа. Үнэндээ 1.5 сая байхгүй байгаа. Зөвлөх компаниас хийсэн тайлангаар Монгол Улс 2023 оноос ноогдол ашиг авч эхлэнэ, 58 сая ам.долларын. Тэр болтол манай улс 34 хувийг эзэмшсэнийхээ төлөөсөнд  3.6 тэрбум ам.долларыг “Айвенхоу майнз”-д өгнө. Бид өөрийнхөө юмыг худалдаж авах нь л дээ. Айвенхоу Майнз баялгийг зөөгөөд байдаг, Монгол Улс өрөө төлөөд зүтгээд байдаг, ард түмэнд юу үлдэх юм бэ. 20 жилийн дотор тэр баялгийн 70, 80 хувийг зөөгөөд гаргачихна. Бороо гоулдийн гэрээг 15 жилээр байгууллаа гэтэл тавхан жилийн дотор 40 тонн алтаа алдчихсан байсан. Бид одоо халаглаад сууж байгаа.

Ардчилсан нам иргэн бүртээ нэг сая, МАХН  1.5 саяыг амласан. Мөнгөн дүнд шилжүүлбэл, МАХН-ынхаар 3,9 их наяд, нөгөөх нь 2.7 их наяд нийт 6.6 их наяд төгрөг хэрэгтэй. Өрөө төлж суусаар 2023 онтой золгох төр ард түмэндээ юугаа өгөх юм бэ. Ноогдол ашиг ч байхгүй, хувьцаа ч байхгүй. Ард түмэндээ өгөх мөнгийг өрөө төлж байна гэх нэрийн дор “Айвенхоу Майнз” компанид өгөх болж байна.

Хамгийн муу хувилбарыг сонгоод байгаа байхгүй юу. Гэтэл сайн жишээнүүд байна, Узбекистан 2000 тонн алтын нөөцтэй ордоо Бороо гоулдыг эзэмшиж байгаа компанид ашиглуулахаар гэрээ  байгуулсан. Тэд ямар гэрээ байгуулсан бэ гэхээр эхлээд уг компани 15 хувиа та нар үнэгүй авбал ав гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд узбекистанчууд “Үгүй ээ, бид 33 хувийг үнэгүй авна гэж тэмцэж байгаад таван жил тэмцэл хийсний хүчинд Канадын бирж дээрх “Комика гоулд”-ын хувьцаагаар сольсон. Тэгэхэд “Айвенхоу Майнз” манай баялгаар Канадын биржид 3.7 миллиард канад долларын хувьцаа гаргаад хувьцааныхаа 1.5 миллиардыг “Рио Тинто” -д зарах гэрээ байгуулчихсан. Ингэснээр “Рио Тинто” хамтран оролцогч болж байгаа байхгүй юу. Яагаад бид баялгаа Канадын биржийнх нь хувьцаагаар солъж болдоггүй юм бэ. Тийм болохоор бид 51 хувийг эзэмших ёстой. Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ их баялаг дээр эд та нар 34 хувийг 3.6 миллиард доллараар худалдаж ав. Авч чадахгүй бол боль гэж байгаа. Баяжмал дотор байгаа алт, Эрдэнэт үйлдвэрийнхээс тав дахин их нөөц. Эрдэнэт үйлдвэр 30 сая тонн хүдэр боловсруулаад 118 мянган тонн зэс гаргадаг. Тэгвэл Оюутолгой 30 сая тонн хүдэр, 400 мянган тонн зэс, 25 тонн алт боловсруулна. Энэ их баялгаа бид зүгээр өгөх ямар шаардлагатай юм бэ.

Ийм гэрээ байгуулах юм бол ард түмэндээ 1.5 саяыг өгч чадахгүй.  Юугаараа өгөх юм. Ард түмэн 1.5 саяаасаа татгалзаж, Оюутолгойгоо авч үлдэх ёстой. Эрдэнэт үйлдвэр долоон сая зэсийн нөөцтэй байсан хэрнээ Монгол Улсыг 30 жил тэжээсэн” гэв.

Сүхбаатарын талбайд одоогоор 60 орчим иргэн цуглаад байгаа бөгөөд маргааш ч энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх аж. Тиймээс иргэн бүр Сүхбаатарын талбайд ирэхдээ 10, 10 хүн дагуулан ирж, дуу хоолойгоо нэгтгэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан хохиролтой хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулахгүйн төлөө тэмцэх ёстой гэж мэдэгдэж байна. Үүний тулд монгол иргэн бүрийн зүрх үр хойчийнхоо төлөө цохилж, хэрэг гарахад амиа өгөхөд бэлэн байхыг зохиолч Т.Галсан цугласан олныг уриаллаа.

Г.НАР

 

Баавгайгаа агнах бэлтгэл цэгцрэв үү?

 

 -Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч уржигдар телевизэд ярилцлага өгөхдөө “Одоо болсоон. Ерөөсөө ажлыг нь л эхлүүлье” гэж яаравчлуулж “Их хурал маань завсарлахаасаа өмнө энэ асуудлаа шийдээсэй гэсэн эрмэлзэлтэй байгаа” гэсэн нь хүлээлтийг улам хурцалж байна-

Алаагүй баавгайн арьсаа булаацалдаж суусан монголчууд ашгүй нэг юм баавгайгаа арай алаагүй ч бас алах төлөвлөгөө маягийн юмтай болох нь. Удтал сунжирсан хэлэлцээрийн ширээний ар дахь ойлгомжгүй яриа арай эв зүйдээ орж талууд харилцан тохиролцож эхэллээ гэж дүгнэж болохуйц үйл явдал болсноор ашгүй Оюутолгойн ордын ашиглалтад ахиц дэвшил гарах нь ээ гэсэн найдвар төрж болохоор байна. Хоёр талд хэрсэн бух шиг зогсоод урагшаа нэг ч алхам хөдлөхгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж, үе үе нэгнийхээ саналыг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа мэдэгдэж байсан талууд дундын хувилбартай болов. Хамгийн гол нь байр сууриа нэгтгээгүй байна гэж учир битүүлэг царайлдаг байсан УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэлээ. Хамгийн гол хэрүүлийн алим болдог төрийн эзэмшлийн хувь гэдэг дээр МАХН-ын бүлэг даваа гаригт төр 34 хувийг эзэмших хувилбарыг дэмжинэ гэсэн бол Ардчилсан намынхан хоёронтаа хуралдсаны эцэст мөн энэ хувилбарыг дэмжихээр боллоо. .

Тэгэхээр одоо ямар нэгэн яриа маргаан гарахгүй гэсэн үг. Тэдний дэмжсэн энэ хувилбараар бол Оюутолгойн ордыг ашиглах компанийн 34 хувийг Монголын тал эзэмших, ингэхдээ үүндээ дүйх хөрөнгийг гаргах ёстой юм. Уг нь тэдний өмнө өөр нэг сонголт байсан нь компанийн 34 хувийг эзэмшихгүйгээр ордын эдийн засгийн үнэ цэнийн 55 хүртэлх хувийг Монголын тал хүртэж болох хувилбар байв. Үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс бас санал болгож байсан юм. Онцлоход энэ хувилбарыг хөрөнгө оруулагчид дэмжихээ илэрхийлээд байсан билээ.

Хоёр бүлэг л хэл амаа ололцож гэмээнэ, арай хатуугаар хэлбэл МАХН-ынхан бүлэг дотроо шийдсэн аливаа асуудал парламентын давааг даван Засгийн газрын дуулгавартай гарт ордог уламжлал шахуу тогтоогоод байгаа юм хойно Оюутолгойн гэрээнд бараг гарын үсэг зурахад бэлэн боллоо л гэсэн үг.

Уг нь ажлын хэсгийн санал болгосон хувилбарт дуулиан тарьсан татварын асуудлаар "... татварын хөнгөлөлт олгохгүй, гэнэтийн ашгийн татварыг нөөцийн ашгийн нэмэлт татвараа төлбөрөөр орлуулсан. Энэ хувилбарын дагуу төр орд ашиглах компанид хувьцаа эзэмшихгүй бөгөөд эдийн засгийн үр ашгийн өнөөгийн үнэ цэнийг 55-60 хувийг авна" гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн энэхүү хувилбар мөнгө зээлж авч 34 хувийн эзэмшигч болж басхүү, бизнесийн эрсдлийг хүлээж байхаар эдийн засгийн үр дүнг нь хүртэж суух нь хамгийн таатай хувилбар ч гэгдэж байсан. Энэхүү хувилбарыг Монголын тал санал болговол хөрөнгө оруулагчид хүлээн авахад бэлэн гэжээ.

Ямартаа ч одоогийн байдлаар бол Монголын төр 34 хувь дээрээ л бууж ирэх нь. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээг анх хийж эхэлж байх үеийнхээ гарцан дээр бууж ирлээ.

Харин иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хийгээд хэвлэл мэдээллийнхний байнга сануулж байсан нэг асуудал хэлэлцээрийн төсөлд орж. Гэрээг лицензийг эзэмшигч гэдэг утгаар нь "Айвенхоу Майнз Монголия инк" ("АММИ") "Айвенхоу Майнз лиметид" компанийн Монгол дахь салбартай байгуулна гэж байсан. Гэтэл энд гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" хууль зүйн субьект болохгүй. Муугаар бодлоо гэхэд нөхөн сэргээлт хийхгүй ч юм уу, хууль зөрчсөн аливаа зүйл үйлдлээ гэхэд "АММИ" хэмээх Монгол дахь бяцхан салбараа дампууруулж орхиод "яриа" дуусна гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл гэрээнд хийж байгаа нэмэлтээр бол Канадад бүртгэлтэй "Айвенхоу Майнз лимитед", Их Британид бүртгэлтэй "Рио Тинто интернэшнл холдингс" компаниуд гэрээний нэг тал болж гарын үсэг зурахаар боллоо.

Мөн л маргаан дэгдээж байсан гэрээг сунгах тухай заалтад гэрээний хугацаа 30 жил байна гэснийг өөрчилж чадаагүй. Гэхдээ 20 жилээр шууд сунгах заалтыг хөрөнгө оруулагч нийгэмд үр ашигтай, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, гэрээний хугацаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон дэд бүтэцтэй холбоотой гэрээгээр хүлээсэн зарим үүргийг биелүүлсэн тохиолдолд хугацааг нь сунгахаар болсон байна. Гэрээний хувилбарыг гаргасан Ажлын хэсгийнхэн уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө, хүүг нь эргэн төлөх шаардлагагүй болсон, манай талын эдийн засгийн үр ашгийн хэмжээ татвар, хураамж төлбөр хэлбэрээр 55-60 гаруй орчимд хэлбэлзэнэ хэмээжээ.

Манайхны хувьд бас гол сонирхож байгаа асуудлын нэг нь урьдчилгаа төлбөр.

Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед урьдчилгаа төлбөрөө л авахгүй бол болохгүй гэж адгаж, харин хөрөнгө оруулагчид бага зэрэг гэдийж байсан бол урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж, 225 сая ам.доллар болгон, хүүг нь таван хувь байхаар тогтжээ. Өмнө нь урьдчилгаа төлбөрийг 125 сая ам.доллар байхаар тогтсоныг УИХ-ын гишүүд бага хэмээн чамлаж байлаа.

Ийн ажлын хэсэг саналаа нэгтгэж, талууд харилцан тохиролцож, манай хууль тогтоогчид ч "дотооддоо" хэл амаа ололцсон болохоор юу юугүй асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсэхээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч уржигдар телевизэд ярилцлага өгөхдөө "Одоо болсоон. Ерөөсөө ажлыг нь л эхлүүлье" гэж яаравчлуулж. Түүний хэлсэн үгэнд "Их хурал маань завсарлахаасаа өмнө энэ асуудлаа шийдээсэй гэсэн эрмэлзэлтэй байгаа" гэсэн үг унасан нь энэхүү хүлээлтийг улам хурцалж байна. Гэхдээ одоогийн байдлаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэх асуудал чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирээгүй байна. Улс төрийнхний хүрээнд "бусад" хэмээх асуудлууд дунд яаралтайгаар оруулж ирээд хаврын чуулган дуусахаас өмнө ядахдаа "хэлэлцэх эсэх" гэсэн томьёоллоор оруулж, хэлэлцэхээр нээлттэй үлдээх байх гэсэн яриа байна. Гэтэл хаврын чуулган уламжлал ёсоороо хаатал хэдхэн хоног үлдээд байдаг... Уламжлал ёсоор бол хаврын чуулган ирэх долоо хоногт өндөрлөх ёстой байгаа юм. Гэхдээ бас намрын чуулган ч ойрхон байгаа л даа. Дуулиант гэрээний төслийг таван жил "тойруулж" байгаатай харьцуулах юм бол... Ямар ч гэсэн алаагүй баавгайнхаа арьсыг олон жил хуваасан монголчууд одоо баавгайгаа барих талаар бодож эхлэх бололтой.

А.ТУЯА

Монголыг зорих жуулчдын тоо багасаагүй

Манай оронд аялал жуулчлал хөгжиж эхэлснээс 60 гаруй жил болжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол орныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, эвдэгдээгүй онгон байгаль болон нүүдлийн соёл иргэншил, Монгол үндэстний баяр наадмыг тэд илүү ихээр сонирхдог аж. Мөн тэдний сонирхлыг хамгийн ихээр татдаг бас нэг зүйл бол чулуун зэвсгийн үеийн багаж, хүрлийн үеийн дурсгал, болон эртний үлэг гүрвэлийн ховор нандин олдворууд юм.
Энэ жилийн байдлаар манайд нийт 200 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна гэсэн тооцоо бий. Тэд бүгдээрээ хувийн хэвшлийнх учир нэг жуулчнаас хичнээн төгрөгийн орлоготой байдаг нь тодорхой биш аж. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр Байгаль хамгаалал, аялал жуулчлалын яам гол бодлогыг барьдаг бөгөөд тэдгээр хүмүүсээс орж ирж байгаа орлогын статистик дүн байдаггүй юм байна. Жуулчид ихэвчлэн таваас арван сарын хооронд түлхүү ирж чухам хаана байрлаж, юу үзэхээ зөвхөн өөрсдөө шийддэг учраас тэдний төлөх мөнгө ч бас л харьцангуй өөр өөр байдагажээ.
Манай оронд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ, ХБНГУ, Их Британи, Франц, Австрали зэрэг орны жуулчид аялалын шугамаар ихэвчлэн ирдэг ажээ. Өнөөдрийн байдлаар жуулчны хөл хүрээгүй аймаг сумын нутаг гэж үлдээгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд 48 0000 жуулчин манай оронд иржээ. Харин энэ жил гахай, шувууны ханиад зэрэг халдварт өвчнөөс шалтгаалаад жуулчны тоо харьцангуй бага байх болов уу гэж бодож байсан ч өмнөх жилийнхтэй адил тооны жуулчид ирэх тухай мэдээг албаны хүмүүс өгч байлаа. Эдгээр ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь Монголын говийг үзэж сонирхдог гэнэ. Мөн Хөвсгөл, Архангай, Хархорин, Тэрэлж зэрэг онгон тансаг байгальтай нутгаар аялдагаас гадна Гандантэгчилэн хийд болон Монгол үндэстний түүх соёл бүхий газруудаар явдаг ажээ. Харин тэд нутаг буцахдаа ихэвчлэн улсын их дэлгүүр, сувинер хаус зэрэг томоохон дэлгүүрээр орж,Монголын үндэсний гар урлалын бүтээгдэхүүн, ноолууран хувцас их худалдан авдаг аж.
Д.ГЭРЭЛХҮҮ

Б.Жаргалсайхан: Одоо Н.Энхбаяр гарч ирэхгүй шүү дээ, хүмүүс ч сонгохгүй
 УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхантай уулзаж, олон нийтэд сонирхолтой байх гэсэн зарим асуултад хариулт авлаа.

 

-Сүүлийн үед БНН, ҮШН хоорондоо нэгдэж нийлэхээр намын удирдлагуудын төвшинд нэлээд яриа хэлэлцээр явуулж байгаа гэсэн. Энэ хэр үр дүнтэй байгаа бол?

-Энэ асуудал нууц. Хариулт өгөх болоогүй. Харин нууц асуудлыг дэлгэсэн хүний чихийг огтолно гэж дамжуулаарай.

-Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Та нэгний бас нэг хохирогч, шоронд хоригдоод гарсан хүн. Өнөөдөр юу хэлмээр байна?

-Хүн буудсан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад тавын таван хүн буудчихаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Харин та нар наад асуудлаа энэ эрх барьж байгаа нөхдүүдээс өдөр болгон нэхэх ёстой шүү.

-Таныг энэ хэрэгт шалгаж дууссан уу?

-Мэдэхгүй, надад юу ч хэлээгүй.

-Долдугаар сарын 1-нд хүн буудсан хүмүүстэй хариуцлага тооцно гэвэл онц байдал зарласан Ерөнхийлөгч бас хариуцлага хүлээхгүй юу? Харин та сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгчийг дэмжиж байсан шүү дээ?

-Би жилийн өмнө Н.Энхбаярыг дэмжинэ гээд ам өгчихсөн байсан, түүнийгээ л хийсэн. Зарчим байх ёстой биз дээ. Тэгээд ер нь Н.Энхбаярт эрх чөлөө, ардчилал ямар хамаатай юм. Одоо байгаа зарим хүний л хийсэн ажил шүү дээ. Намынхаа байран дотор архи уучихсан “Бууд” гээд хашгираад сууж байсан гэнэ лээ.

-Экс Ерөнхийлөгч одоо Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэгдээд байгаа. Дэвшвэл та бас дэмжих үү?

-Үгүй. Одоо Н.Энхбаяр гарч ирэхгүй шүү дээ, хүмүүс ч сонгохгүй. Түүнийгээ эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. У.Хүрэлсүх, Л.Одончимэд нь дэвших байлгүй. Одоо энэ улс төр надад үнэхээр сонирхолгүй байна. Харин Сүхбаатарын талбайд нэг их сайхан шоу хийгээд хоёр талаар нь шорлог, бууз, хуушуур зараад байж байвал амар амгалан байна. Ард түмэн тайван амьдармаар байна. Та нар энэ улс төрөөс уйдахгүй байна уу. Нэг хүнийг нөгөөгөөр солилоо. Үр дүнд нь юу өөрчлөгдөх вэ.

-Одоо ч гэсэн та Ц.Элбэгдоржийг хүлээн зөвшөөрөхгүй байна уу?

-Бүгдээрээ л адилхан шүү дээ. Наадуул чинь аль хэдийн бие биедээ хадаг бариад, өвөр түрийдээ орчихсон. УИХ-ын гишүүд ч гэсэн хурал дээр хэрэлдчихээд гараад бүгдээрээ тэврэлдээд, ууж идээд явж байдаг биз дээ.

-ҮШН, БНН нэгдвэл та Чингэлтэйд нэр дэвших үү?

-Тэр тухай чинь бодож байж шийднэ ээ. Уг нь бол надад УИХ-ын гишүүн болох ямар ч шаардлага алга. Гэхдээ БНН-ыг УИХ-д суудалтай болгож аваад С.Баяр, Ц.Нямдорж хоёрт долдугаар сарын 1-ний хэргээр хариуцлага үүрүүлмээр байна. Хэрвээ ард түмний өгсөн саналыг сольчихдоггүй бол. Өнгөрсөн сонгуулиар би Сонгинохайрханаас нэгээр гарсан шүү дээ. Гэтэл тэр саналыг сольсон. Батзандан, Магнай гарсан, бас сольсон. Н.Алтанхуяг, С.Оюун хоёр бол харин гараагүй юм шүү. Харин Д.Тэрбишдагва нэг юм бизнес энэ тэр хийдэг болохоороо мөнгө төгрөг өгч байгаад гарсан байх. Би ч гэсэн УИХ-д гарч ирээд сая доллар үрсэн шүү дээ. Өөрийнхөө мөнгөөр утасныхаа төлбөрийг хийж, өөрийнхөө машинаар ажлаа хийж, өөрийнхөө мөнгийг тойргийнхондоо өгсөн.

-Гэхдээ гишүүнийхээ цалинг ядаж авдаг байсан биз дээ?

-Түүгээр би яах юм бэ. Туслахууд гэж гурвын гурван ажил хийдэггүй нөхөр байсан. Тэдэнд хуваагаад өгсөн. Тийм учраас УИХ-ын гишүүн байх сонирхол бол надад үнэндээ алга. Цорын ганц шаардлага нь түрүүний хэлсэн нөхөдтэй хариуцлага тооцох явдал.

 

Б.АМАР

Х.Тэмүүжин: Алийн болгон хүчний байгууллагын өмнө сөхөрч суух вэ

 УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд дүн шинжилгээ хийхээр ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, З.Энхболд нар багтсан байна. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 2008 илтгэлийн нэгдүгээр бүлгийг хэлэлцэхтэй холбогдуулж дээрх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нь өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүссэн нөхцөл байдлын улмаас хууль бусаар цагдан хоригдсон,  эрүү шүүлт тулгуулсан, хууль хүчний байгууллага нь тухайн иргэнд хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж, хүний эрхэнд халдсан эсэхийг иргэдээс гомдол тайлбар авч, тодруулан дээрх хэрэгт дүн шинжилгээ хийхийг зорьж буй аж. Ингэхдээ иргэдээс авах гомдол, тайлбар нь шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байхыг онцлов. Учир нь шүүхээс өмнөх шатанд байгаа хэрэгтэй холбоотойгоор иргэдийн гомдол, тайлбарыг авах нь шүүх байгууллагын эрхэд халдсан үйлдэл болох аж. Тиймээс иргэн танд Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэнд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор дээр дурдсан хууль бус үйлдлүүдийн талаар тодорхой баримт байгаа бол 262569, 263526 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгч болно. Захидал бичсэн тохиолдолд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсаны ажлын хэсэгт гэж хаяглан илгээх боломжтой юм байна.

Тус ажлын хэсэг иргэдээс авсан гомдол, дүгнэлтийг ирэх наймдугаар сарын 1-14-ний хооронд боловсруулалт хийж, улмаар ирэх есдүгээр сард энэ талаар олон нийтэд нээлттэй хурал хийх гэнэ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тайлбарласнаар Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь хүний эрх зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг хүчний байгууллага яагаад зогсоож чадсангүй вэ гэдэгт дүгнэлт өгнө гэж тайлбарлав. Мөн энэ хэрэг явдлыг улстөржүүлэхгүй байх тал дээр улстөрийн намууд нэгдсэн ойлголцолд хүрсэн гэсэн нэмэлт ч дагуулсан юм. Харин бид УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс дараах асуултад тайлбар авлаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон иргэдийн хувьд зарим нь хэрэг явдлыг үнэнээр нь хэлэх гэхээр хууль хяналтын байгууллагынхнаас ирэх дарамт, шахалт ихэсч, оноосон ялыг улам хүндрүүлж магадгүй гэсэн айдас, болгоомжлол байдаг. Энэ тохиолдолд Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсэг тухайн иргэнээс авсан гомдол, тайлбарыг хэр нууцалж чадах вэ?

-Бид эрүүдэн шүүх болон, хууль бусаар хоригдсон гэдэг дээр нэг зүйлийг анхааруулж хэлсэн. Шүүхээр эцэслэн шийдсэн хэрэг дээр илүү их анхаарч байна аа гэж... Яагаад гэвэл шүүхээс өмнө одоо шийтгэж байгаа хэрэг дээр явчихаар хүмүүсийн хувьд тийм айдас байж магадгүй. Шүүхэд итгэхгүй, хуулийн байгууллага хууль ёсоор ажиллана гэдэгт итгэж өгөхгүй байна л даа. Түүнтэй холбоотойгоор хүндрэл гарна, айлган сүрдүүлж, тэр хэрээр дарамт улам бүр нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Гэхдээ бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Алийн болгон айж, хууль хүчний байгууллагуудын өмнө сөхөрч суух вэ. Бодит байдлын хөшгийг нээгээд хариуцлага тооцож болох бол хариуцлага тооцъё. Ил тод байх бололцоо байгаа бол ил тод болгоё, шийдэх асуудлууд байгаа бол шийдье гэж байгаа юм. Тийм учраас УИХ бол хууль тогтоогчийнхоо хувьд  хууль тогтоомжийг хянадаг чиг үүргийнхээ хувьд асуудлыг авч байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол өөрөө ямар нэг байдлаар гэрч юм уу, өргөдөл,  гомдол гаргасан иргэнийг ямар нэг байдлаар эрх зүйн хувьд хамгаалалтад авна гэсэн үг юм.

Г.Наран

(Нийт: 155)