Ц.Элбэгдорж: Итгэсний итгэлийг авч, итгэж чадаагүйн хүлээснийг гүйцээж ажиллана

 Ардчилсан намынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтаа даруухан хийлээ. Нээлтээ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, даруухан эхэлсэн тэд хаалтаа ч мөн сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийснээр өндөрлөв. Хаалтын ажиллагаанд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж, сонгуульд хамтран оролцсон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсон юм. Гурван намын дарга хаалт дээр үг хэлэв.

 

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг:

-Түүхэнд анх удаа ардчиллын төлөөх гурван нам нийлж, нэг нэр дэвшигчийг дэвшүүлсэн түүхэн үйл явдал боллоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болбол юу хийх вэ, болохгүй байгаа юуг яаж өөрчлөх вэ гэдгээр хөтөлбөр гаргаж сурталчиллаа. Өөрчлөх шаардлагатай нэг зүйл бий. Энэ бол шударга ёсыг тогтоох явдал. Шударга байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлж, улс орноо тойрч, ард иргэдийн дэмжлэгийг олж чадлаа. Ард түмэндээ баярлалаа. Тавдугаар сарын 24 бол Монголд байхгүй зүйлийг өөрчлөх өдөр. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгох өдөр юм. Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж саналаа өгөхийг хүсье. Ардчилсан нам, ИЗН, Ногоон намын гишүүд, дэмжигчид, нийт ард иргэддээ баярлалаа. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын ерөөл дэвшүүлье.

 

ИЗН-ын дарга С.Оюун:  

-Монголд ардчилсан сонголт хийх үе ирлээ. Энэ сонголтоос Монгол Улсын хөгжил дэвшил, бидний ирээдүйн хувь заяа шалтгаална. Ардчилсан хувьсгалыг 1990 онд Ц.Элбэгдорж, миний ах С.Зориг нарын олон залуус их зориг, эх орноо гэсэн сэтгэлээр эхлүүлж, түүнээс хойш 20 жил болж байна. Цаашдаа ч Монгол Улсын төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө, шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байж, сонгуульд идэвх снаачлагатай оролцож, 20 жилийн өмнө хийсэн ардчиллаа баталгаажуулъя. Ирээдүй энэ сонгуулиас хамаарна.

 

НН-ын дарга Д.Энхбат:

-Бид чухал зүйлийг шийдэх гэж байна. Авлига байх уу, шүүх шударга болох уу гээд олон зүйлийг шийднэ. Монголд олон зүйлийг өөрчлөх цаг болсон. Зөв сонголт хийвэл Монгол Улс зөв чиглэлд хөгжиж эхэлнэ. Бид Ц.Элбэгдоржийн нэрийг зүгээр дэвшүүлээгүй. Олон мянган хүний хүсэл эрмэлзлээр тэтгэгдэж гарсны хувьд үнэлж дэвшүүлсэн. Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.

 

Үүний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Ц.Элбэгдорж:

-Даруухнаар сонгуулийн сурталчилгаагаа хийсэн Ардчилсан нам мөн даруухнаар өндөрлөж байна. Хэвлэлгүйгээр сонгууль явах боломжгүй. Сэтгүүлчдэд баярласнаа илэрхийлье. Ардчилсан намын шийдвэрийг ИЗН, НН дэмжиж цулаараа нэг чиглэлд сонголт хийхэд их ач холбогдол өгсөн. ИЗН, НН-ын гишүүд, дэжигчид, ард түмэндээ баярлалаа. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууддаа баярлалаа. Монголчуудын сонголтын үр дүн зөв гарна. Итгэсний итгэлийг авч, итгэж чадаагүйн хүлээснийг гүйцээж ажиллана. Сурталчилгааны туршид гурван гол зүйлийг анхаарч ирсэн. Нэгд, шударга ёс. Шударга ёс алдагдсанаас хямрал үүсч байна. Авлигад автсан төр хүчгүй, ард түмэн ядуу байна.

Хоёрт, ард иргэдээ эзэн болгоё. Ард түмэн баялгийнхаа эзэн болбол ардчилал ялна. Эх орны хишиг 1,5 сая төгрөг дээр Эрдэнийн хувь нэг сая төгрөг, нийт 2,5 сая төгрөг олгох боломжтой.

Гуравт, ажилгүйдэл байна. Хүмүүсээ ажилтай, мэргэжилтэй болгож, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөл дээр нь босгоё, Хүүхдийн мөнгийг нэмнэ. Оюутныг дэмжиж, эхчүүдийн одонгийн болзлыг хөнгөлье. Ахмад үеэ халамжилъя. Хойч үе нь сайхан амьдарна гэсэн итгэлийг тэдэнд өгье.

Сонгуулийн үеэр олон гүтгэлэг гарсан. Миний өвөг дээдсийн гарал үүсэлтэй холбоотой нь ч байсан. Миний өвөө улаа нэхэж өртөөнд ажиллаж байсан. Хамгийн шударга хүн улаач хийдэг байсан. Миний аав Халх голын дайнд явж цэргийн албыг таван жил хаасан. Миний долоон ах бүгд цэргийн алба хаасан. Ээжийн хоёр ах цэрэгт явж Халх голд амиа алдсан. Би Баатархайрханы өвөрт төрсөн хүн. Тэнд баатарлаг хүмүүс амьдрахаас биш будааны соёлтой хүн амьдрах аргагүй газар. Тавдугаар сарын 25-ны үүр цайхад 24-ний шөнө шиг энэ гүтгэлэг замхарна. Би Н.Энхбаярын хийж чаддагийг хийж чадна. Бас хийж чадахгүйг хийнэ.

Би амьдралдаа гурван удаа тангараг өргөсөн. Цэрэгт очоод, ардчилсан хувьсгал хийхдээ, мөн Улсын Бага хурлын гишүүн болоод тангараг өргөсөн. Сая сурталчилгаагаа эхлэхдээ Бурхан халдун ууланд гарч тангараг өргөсөн. Ээж маань төрдөө шударга, түмэндээ ээлтэй яваарай гэсэн. Энэ бол миний зүрхний тарни. Цэргийн хүний ёсоор шинэ манаа, ажилчин хүний ёсоор шинэ ээлж хүлээж авах гэж байна. Төрийн ачаа үүрэхэд бэлэн байна гэв. Үүгээр хаалтын ажиллагаа өндөрлөлөө.

Д.ОЮУН /2009.05.23/

Сүүлчийн үг

 Хаврын хавсаргатай хамт нүдсэн сонгуулийн хар шуургыг намдааж, хоёр нэр дэвшигч “сүүлчийн үг”-ээ хэллээ. Өчигдөр орой Үндэсний олон нийтийн телевизээр улс орон даяар цацагдсан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын халз мэтгэлцээний төгсгөлд тэд сонгогчдод хандан тус бүр гурван минутад багтаан сэтгэлийн үгээ дайцгаав. Сонгогчдыг ердөө л юу бол юу чихэж болох хогийн тантан, хэн нэгэн нь дургүй хүнээ “хятад” гэж хэлбэл алга ташаад л, “хөхөө шиг донгодогч, үхэр шиг мөөрөгч” гэвэл дагаж мөөрөөд байх тэнэгүүд гэж бодсон зарим нэг улсад иргэн бид ч бас эцсийн дүнгээ тавих цаг боллоо.

МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн тэргүүн гэдгийг бид Ц.Элбэгдоржийг угсаа гарал, яс үндсээр нь ялгаварлах гэсэн хар пиарын дараа өчигдөр л санацгаав.

Тэрбээр өөрийгөө болон өрсөлдөгчөө халз мэтгэлцээний төгсгөл дэх сүүлчийн үгэндээ дүгнэж, “амаараа ажиллах уу, хийж бүтээснээ тайлагнах уу” гэж асууж амжив. Ц.Элбэгдоржийг сонгуулийн сөрөг сурталчилгааны туршид “Эхлээд хий, дараа нь чалч” гэж пиарчдаараа дамжуулан зөвлөснийг нь зөв үг хэллээ гэж алга ташин өөгшүүлэх хүн хэр олон байгаа бол. Сүүлийн арван хэдэн жил албан тушаалын аль өндөрлөгөөр дамжиж, хийх үүрэг бөгөөд эрх мэдлийг сэлгээгүй атгасан эрхмээс өөр бусдад “амаар ярихаас” өөр боломж юу байсан бэ?

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж монголчууд хэлцдэг нь эвийг эрхэмлэхийн тухай сургааль билээ. Тэгээд ч сонгуулийн кампанит ажил гэдэг хэн юу хийхээ, юу бодож буйгаа, юу хийснээ жинхэнэ уран тод ярих, мэтгэлцэх урлагийг хэлдэг. Харин ч энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид бага ярьж, их үзүүллээ. Аливаа юмс үзэгдлийг тоо хэмжээ, урт богино хугацаагаар бус агуулгаар нь хэмждэг. Асуудал их, бага ярьдагтаа бус чухам юу ярьж буйдаа оршино. Амаар ярьдаг өрсөлдөгчөөсөө ахуй биеэрээ хийж бүтээснээрээ илүү Н.Энхбаяр сонгогч биднээс “их өр шийдэгддэг ололт амжилтаар баян орон болох уу” гэж асуулаа. “Их өрийг шийддэг ололт амжилт” монголчууд биднийг цаг үргэлж дагаж явах түүх гэж бид боддоггүй.

Уг нь бид “их өр шийдэгддэг ололт амжилтаас “ арай өөр, арай гүн гүнзгий амжилтаар дүүрэн улс оронд амьдрахыг хүсдэг билээ.

Төр нь иргэнийхээ төлөө ажилладаг, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг, иргэн нь даргаас биш дарга нь иргэнээсээ айдаг тогтолцоог бид хүсдэг. Явган хүний гарцан дээр бүх машин зогсоод зорчигчоо гаргаж байхад замын цагдаагийн маяктай машин дайраад орж ирдэг балмад явдалгүй Улаанбаатарт амьдрахыг хүсдэг. Бид ажиллаж, ажилласныхаа хэрээр амьдрал маань дээшилдэг нийгмийг хүсдэг. Ажил эрхэлж, улсад ганц ч төгрөгийн татвар төлж үзээгүй үеийн бүсгүй “нэн ядуу” ангиллаар хүүхэд асарсны тэтгэмж авч байхад хар нялхаасаа хөдөлмөрлөж, улсад өдий төдий татвар төлчихөөд тийм тэтгэмж авах эрхгүй үлдэж байгаадаа би бухимдсан. Шударга шүүхийн төлөө тэмцэгч залуу шоронд суусныхаа дараа эрх баригчидтай “гэрээ” байгуулахыг хараад би шаналсан… Эцэст нь энэ бүхнийг бичсэнийхээ төлөө айдаггүй нийгмийг би хүссэн.

Харамсалтай нь энэ бүхний хөрсийг эргүүлж байж үр суулгахгүйгээр Улаанбаатарт нэг ч мод ургахгүй. Өнөөдрийг өөрчлөхгүйгээр ирээдүйн нэг ч мөрөөдөл биелэх боломжгүй. Эрхэм Ерөнхийлөгч маань сайхан амьдралд хүрэх арга замыг “эвийн хүч” гэж хэлжээ. Ингэхэд иргэддээ ялгавартай үйлчилдэг хуультайгаар, эрх мэдлийг авлигын хэрэгсэл болгодог төртэйгээр, нэг үгээр шударга ёсгүйгээр “Эвийн хүч” ч бүрэлдэхгүй билээ. Гээд өөрчлөх үү, эс өөрчлөх үү?

З.БОРГИЛМАА /2009.05.23/

ДИВААЖИН

Жилийн турш 700 мянга орчим жуулчид НҮБ-д зочилдог гэсэн тооцоо бий. Нарийн бичгийн дарга нарын газрын 5000-гаад ажилтан албан хаагчид, 192 гишүүн орныг төлөөлсөн хэдэн мянган төлөөлөгчид жуулчдын өмнүүр бичиг цаас сугавчлан яаран гүйлдэх нь ердийн л дүр зураг. Тэнд ажилладаггүй энгийн хүмүүсийн нүдээр харахад НҮБ-ын ажилтан байх нь диваажин шиг л санагдаж болох л доо.

Тогтвортой ажил, өндөр цалин, өгөөмөр бонус, сайн тэтгэвэр түүнээс гадна ажил нь шавар шороотой зууралдахгүй... Гэхдээ ингэж бодоход бас хэцүү гэнэ. Өдөржин шөнөжин цаг наргүй ажилладаг хүмүүс тэнд зөндөө байдаг аж. НҮБ-ын ажилтан, албан хаагчид дөрвөн үндсэн зэрэг дэвд хуваагддаг байна. Харин техникийн ажилтнууд нь долоон зэрэглэлтэй.

Мэргэжилтнүүд нь таван зэрэглэлтэй, харин удирдах ажилтнууд хоёр зэрэглэлтэй байдаг. Тэндхийн ажилтнуудын цалингийн хэмжээ нууц байсан бол одоо хэн бүхэнд ил болжээ. Тухайлбал, НҮБ-ын орос хэлтэй мэргэжилтнүүдийн доод зэрэглэл болох Р-1-ийн цалингийн эхний түвшин нь жилийн 44,6 мянган ам.доллар. Дээд Р-5 зэрэглэлийнх нь 104,6 мянган ам.доллар. Захирлуудын цалин 126,5-153,4 мянган ам.доллар. Ерөнхий нарийн бичгийн даргын туслах жилдээ 168,8 мянган ам.доллар авдаг бол орлогчийнх нь 185,8 мянган ам.доллар байдаг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга жилдээ 230 мянга орчим ам.долларын цалинтайн дээр Саттон-плейс дэх тансаг сууцандаа үнэ төлбөргүйгээр амьдарна. Бас элдэв төрлийн олон бонус авахаас гадна үргэлж бүрэн бие хамгаалалтад байдаг. Ер нь бол Манхэттенд амьдрал өндөр өртөгтэй. Тиймээс зарим орнууд өөрсдийн төлөөлөгчдийн цалинг нэмэх шийдвэр гаргаад байгаа гэнэ. Урьд өмнө нь НҮБ-д ажиллах хүмүүсийг ирүүлэх квот улс орнуудад өөр өөрөөр тогтоосон байлаа. Одоо ч байгаа. Гэхдээ тэнд гол төлөв америкчууд ажилладаг.

Хоёрдугаарт нь филиппинчууд ордог. Филиппинчүүдийн хөдөлмөрч зан НҮБ-д ихээхэн таалагддаг бололтой. Өнөөдөр тэнд ажиллах хүмүүс НҮБ-тай хувийн гэрээ байгуулан тус байгууллагын төлөө үнэнч зүтгэхээ амлана. Гэхдээ л дэлхий нийтийн эрх ашгийн төлөө гэхээсээ илүү өөрийн улсын төлөө үйлчлэх хүсэл сонирхолтой хүмүүс мэр сэр байдаг. Тэндхийн ажилтнуудын “диваажин” 62 насанд нь дуусна.

/2008.05.19/ UPTown сэгтvvл

Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь

 Элэг нэгт Монгол ахан дүүсээ! Гадаадад суугаа Монголчууд бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, анд найз нар аа! 20 жилийн тэртээх Цагаан морин жил Сүхбаатарын талбайд Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл тэргүүтэй монголын түүчээ болсон залуус Ардчиллын далбааг намируулж, С.Цогтсайхан агсан Хонхны дуугаа эгшиглүүлсэн билээ! Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын 10-15%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ.

Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү? Үгүй ээ.

Сайн мэдээ гэвэл Ардчилсан намын удирдлага гадаадад суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс гаргасан идэвхи санаачлагыг дэмжиж Монголын нийт сонгогчдын 10-15% болсон нийгмийн идэвхитэй, оюунлаг, сэхээтний давхаргын жинтэй төлөөлөл болсон гадаадад суугаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд шууд оролцох боломжыг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллах тухай хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж батламжилжээ. Ийнхүү анх удаагаа Монголын нам эвслийн зүгээс гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг сонсож, бидний төлөө, бидний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, дэмжсэнд бид бүхэн баяртай байна.

Бид аль нэг нам эвслийн гишүүн бус, Монгол эх орноо хэмээсэн сэтгэлийн дуудлагад хөтлөгдөн ажиллаж амьдрагсад билээ. Харамсалтай нь Монголдоо эргэж ирсэн бидний зарим нөхдийн эх орондоо ажиллаж амьдарч байх үедээ маш тодорхой ойлгож харж, дүгнэж буй зүйл бол Монголд шударга юм гэж үгүй болжээ.

Авилгал хэнээгээ алдаж, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт эрээ цээрээ барж, шударга шүүх засаглал устаж,  цөөн олигархи бүгдэд ноёрхлоо тогтоож, олон зуун мянган иргэдээ золигт гаргасан ийм л орон болсныг бид цаг мөч тутамд мэдэрч тэр орчинд амьдарч байна. Энэ бүх гаж тогтолцоо Н.Энхбаярын засаг төрийн эрхийг барих он жилүүдэд бүрэлдэн тогтжээ. Бүгдэд Н.Энхбаяр ганцаараа буруугүй нь тодорхой ч энэ бүхнийг бий болгоход манлайлан оролцогсдын нэг болох нь хамгийн сүүлд болж өнгөрсөн 7 сарын 1-ний эмгэнэлт явдал гэрчилнэ. Иймд Н.Энхбаяр нь Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёс зүйн шалгуурыг давсан ерөнхийлөгч биш гэж бид үзэж байна.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн үзвэр биш, харин та бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй.  Тийм ээ, гадаадад буй Монголчууд бид энэ удаа дуугүй сууж төвдсөнгүй ээ. Бид хэдий энэ удаад сонгууль өгч чадахгүй ч хагас сайн өдрүүдэд оршин суугаа хот суурингууддаа цуглацгааж, дуу хоолойгоо нэгтгэж,  бидний өмнөөс сонголт хийх эрхэм үүрэг хүлээсэн Та бүхэндээ хандаж гарын үсэг, мөнгөн хандив цуглуулж, ярьж, бичиж, хэлэлцэж, видео бичлэг хийн илгээж байна.


Иргэний ардчилсан нийгэмд бие даасан, тэгш эрхт иргэд нь засаг, төрөө сонгох үйл явцад сайн дурын үндсэн дээр өргөнөөр, ухамсартайгаар оролцож баймааж ардчиллын үнэт зүйлсийг амьд байлгаж, жинхэнэ ардчилсан нийгмийг төгөлдөр утгаар нь бүтээн байгуулахад хувь нэмэр оруулдаг билээ. Иймд элэг нэгт Монголчууд Та бүхнийг гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг цэгнэн үзэж, сонгуульд идэвхитэй, хариуцлагатайгаар оролцохыг уриалж байна!


Вашингтон, Сан-Франциско, Чикаго, Токио, Лондон, Сидней, Берлин, Торонто, Прага, Будапештэд суугаа бид, гадаадад суугаа бид, Allstate, Softbank, Sony, Yahoo корпораци болон дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институудэд ажиллагч, их дээд сургуульд суралцагч бид,  бид: Монгол улсын шинэ ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж байна. Бид өөрчлөлтийг хүсч байна. Бид шударга ёсыг хүсч байна. Бид жинхэнэ ардчилсан нийгмийг хүсч байна. Бид шударга сонгууль явуулдаг төрийг хүсч байна. Бид шударга шүүхийг хүсч байна!


Монгол эх орондоо суугаа өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, найз нөхөд, эх орон нэгтнүүд ээ! Та бүхнийг хувь заяаны эрхээр эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр харь нутагт яваа бид, Монгол улсын ерөнхийлөгчид ардчиллын бамбарыг анхнаас нь асаасан Цахиагийн Элбэгдоржийн төлөө саналаа өгөхийг уриалж байна! 2012 онд бид хаана амьдран суугаагаасаа үл хамааран сонгуулийн эрхээ эдлэх болно гэдэгт итгэж байна.

Уриалга гаргасан:

Дэлхийн Монголчууд

tsahimurtuu.mn (Mонгол туургатны Цахим Өртөө Сүлжээ - Монголын хамгийн анхны портал вэбсайт)

АНУ

orloo.info (Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв - Washington D.C)

zamdaan.com (Aмерикийн Монголчуудын сэтгүүл - San Francisco, CA)

news.tsahim.tv (Online TV & Radio Broadcasting - Ohio)

nomundalai.mn (Online bookstore - Chicago, London, Tokyo, Seoul, Sydney, Ulaanbaatar)

dayarmongol.com (Америкийн Монголчуудын онлайн сонин - Washington D.C, Bloomington, Indiana)

colo-mongols.org (Колорадогийн Монголчуудын холбооны вэб)

mongoltolbo.com (Колорадогийн монголчуудын фото зургийн сайт)

mongolmedee.net (Денверийн Монгол Мэдээ сэтгүүл - Denver, CO)

medeelel.com - Чикагогийн Монголчуудын вэб портал, Чикаго, АНУ

imoshi.net - Монголын хамгийн анхны Apple суурьт программ бичигчдийн вэб

Австрали

mglaus.com (Mongolian Community in Australia - Sydney)

Их Британи

mongolchuud.co.uk (Их Британийн Монголчуудын холбооны вэб - London)

Канад

mongoltoronto.com (Ontario дахь Монголчуудын холбооны вэб - Тоronto)

Унгар

origo.mn (Мэдээ мэдээллийн нэгдсэн портал - Budapest)

Чех

mglcz.com (Чехийн Монголчуудын вэб портал)

Япон

vimomn.net (VIMO - Виртуал Монгол - Монголын анхны SNS сайт - Tokyo) /2008.05.19/

H1N1 вирус Нью-Йоркт: 9 сургууль хаагдаж, шоронгийн хоригдол

А вирусын улмаас Нью-Йоркийн Квинс дvvргийн есєн дунд сургуулийг тvр хугацаагаар хаасан байна.
Мужийн онцгой байдлынханы мэдэгдсэнээр ойролцоогоор долоон хоногийн турш хvvхдvvд хичээлдээ явахгvй бололтой. Энэ нь сургуулийн насны хэдэн зуун хvvхэд уг нянгаар євчилсєнтэй шууд холбоотой аж. Одоогоос хоёр долоо хонгийн ємнє Америкийн засаг захиргаа энэ євчлєлтэй холбоотой сургуулиудыг хаагаад байх шаардлагагvй хэмээн мэдэгдэл хийж байсан билээ. Харин Амеркийн эрvvл мэндийн сайд Кэтлин Сибелиус энэ нян нь єсвєр насныханд ихээр халдаврлан улмаар амь насанд нь ч аюул учруулж болохоор хэмжээнд хvрсэн тул ийм шийдвэр гаргасан талаараа ням гарагт мэдэгджээ. Тvvнчлэн А/H1N1 вурис Нью-Йоркийн нэгэн шоронгоос илэрчээ. Одоогоос сарын ємнє бие нь тавгvйтэн євдєж эхэлсэн шоронгийн ялтан аль хэдийн уг томууг туссан байсныг сая л илрvvлжээ. Тvvнийг єнгєрсєн бямба гарагийн єглєє хотын тєв эмнэлэгт авчирчээ. Харин одоогоор тухайн шорон болон єєр мужуудын шоронд томуугийн илрэл байгаа эсэхийг шинжилж байгаа аж. Одоогоор АНУ-д энэ нянгаар халдварласан гэх 4.7 мянган тохиолдол илрээд байна.

Р.Слава
Олоо.мн

Ноён В.В.Путин УИХ-ын даргатай санал...
2009 оны 5 сарын 13

 Манай улсад ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өнөө орой бараалхав.

   Монгол Улс, ОХУ-ын хоорондын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд  “Энэ үйл хэрэгт хүндэт дарга Таны бичлэн оруулсан хувь нэмрийг манай ард түмэн өндөр үнэлдэг билээ. Монголчууд бид есийн тоог ихэд билэгшээдэг юм. Эрхэм хүндэт дарга Та ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2000 онд манай оронд айлчилснаас хойш есөн жилийн дараа 2009 онд ийнхүү айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны томоохон асуудлаар тохиролцож, холбогдох гэрээ хэлэлцээрүүд байгуулж байгаа нь билэгдэлтэй төдийгүй хоёр орны тодорхой салбаруудын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлж, эрх зүйн үндсийг бататгаж байгаад бид сэтгэл нэн хангалуун байна. Айлчлалын үед тохирсон, хэлэлцэж ярилцсан зүйлүүд хоёр талын найрсаг, стратегийн түншлэлийн харилцааг улам баяжуулж, шинэ нөхцөл байдалд нийцэж биеллээ олно гэдэгт итгэл төгс байна” гэлээ. Тэрбээр 2009 он манай хоёр улс, ард түмний хувьд түүхэн онцлог үйл явдлаар дүүрэн жил болж буйг дурьдаад энэ онд тэмдэглэх Халхын голын ялалтын 70, хамтарсан төмөр зам байгуулсны 60 жилийн ой нь хоёр орны харилцааны уламжлал, түүхэн онцлогийг ард түмэндээ дахин хүргэж таниулахад ихээхэн ач холбогдолтой үйл явдал юм гэдгийг онцлов.

    В.В.Путин элэгсэг дотноор хүлээн авч хүндэтгэл үзүүлж буйд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд талархал илэрхийлэхийн сацуу хоёр орны уламжлалт харилцаа улам эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байдгаа тэмдэглээд энэ удаагийн айлчлал ихээхэн шахуу болсон ч айлчлалын үеэр гарын үсэг баримт бичгүүд нь хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал алхам болсныг онцоллоо. Тэрбээр яриа хэлэлцээний явцад хөндөгдсөн зарим асуудлыг хоёр тал нарийвчлан авч үзэх шаардлагатай юм гэдгийг дурьдав.

    Хоёр орны худалдаанд Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэхийг бид эрмэлздэг. Манай мал аж ахуйн арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хэжээОросын ард түмэн сайн мэддэг, өргөн хэрэглэдэг. Гэвч эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргахад бэрхшээлтэй, гол нь татварын хэмжээ өндөр гэж яригддаг. Иймээс манай орны экспортыг дэмжих, татварын хувь хэмжээгээ багасгах, хоёр орны харилцааны онцлогт тохирсон нөхцөлөөр ажиллахад анхаарч дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын дарга уулзалт ярианы үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээс хүслээ. Түүнчлэн хил орчмын болон бүс нутгийн уламжлалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахыг хоёр талын бүс нутгийн иргэд хүсч байдгийг УИХ-ын дарга хэлээд хоёр орны найрамдалт харилцаанд хилийн боомтуудын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлов.    

   Монгол, Оросын харилцааны нэгэн бүрэлдэхүүн агаад чухал хэсэг нь болсон хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд ойр дотно харилцаатай, парламентын бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл өндөр байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд цаашид парламентын хооронд янз бүрийн түвшинд уулзаж, арга туршлага, мэдээлэл солилцох, харилцан суралцах нь чухал юм. Ялангуяа зах зээлийн эдийн засгийн нөхцөлд манай хоёр орны шийдвэрлэх асуудлууд, тулгарч байгаа зорилтууд ижил төстэй байна. Иймээс хууль боловсруулах, тогтоох салбарт бие биеэсээ суралцах зүйл их байна гэж үздэгээ онцлов.

   Ноён В.В.Путин УИХ-ын даргатай санал нэгтэй байгаа, уулзалт ярианы явцад хөндсөн асуудалд анхааралтай хандахаа илэрхийлээд хоёр орны уламжлалт харилцааг улам ойртуулахад иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүнчлэн улс төрийн намуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь ихээхэн хувь нэмэртэйг онцоллоо.

    Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Дүндээжанцан, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Арвин, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв. /news.mn/

А/Н1N1 томууны вирус хувирч илүү аюултай болжээ

Эмч, эрдэмтэд түргэн авч эхэлжээ. “Гахайн томуу”-ны эх орон Мексикт А/Н1N1 томууны вирус хувирсан анхны тохиолдол гарч, АНУ, Канадад түүнтэй ижил тохиодол бүртгэгджээ. Судлаачдын үзэж байгаагаар хувирсан вирус илүү аюултай болж цар тахал маягаар дэгдэж болзошгүй байгаа гэнэ. Мексикийн Халдвар судлал, хяналтын үндэсний төвийн захирал Мигель Анхель Лесана өнөөдөр сэтгүүлчдэд энэ тухай мэдээлжээ. Мексикийн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр А/Н1N1 томууны хувирсан вирус ДОХ-ын вирусаас ч илүү халтай ажээ.

Хэдийгээр шувууны томуугаар өвчлөгсөд нас барах магадлал өндөр ч хүнээс хүнд халдварласан тохиолдол гаргаагүй юм байна. Гэтэл А/Н1N1 томууны халдвар найтаах, гар барихад халдварладгаараа илүү аюултай. Энэ хоёр вирус эрлийзлэх юм бол дэлхий нийтийг хамарсан үхлийн тахал болно гэж эрдэмтэд эмээж байгаа ажээ. А/Н1N1 томууны вирус энгийн ханиадны вирустай ч нэгдэж болохын жишээ одоо дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгт илрээд буй аж.      

Д.ЦЭЦЭГ          /2009.05.16/

 

БНСУ-ын “Цэвэр удирдагчдын клуб”-ээс мэдэгдэл ирлээ

 Намбарын Энхбаярын санаачилж, тусгайлан зохион байгуулж, үйл ажиллагааг нь тогтмол дэмжиж байдаг Шударга сонгууль нэртэй байгууллагаас уржигдар нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг сонгуулийн санхүүжилтээ гадаадаас авсан, солонгосын шашны зүтгэлтнүүд дэмжсэн  гэх утгатай гүтгэлгийг Олон улсын  цэвэр удирдагчид байгууллагын удирдлагууд анхааралтай судлан дараахь няцаалтыг хийж ирүүллээ.

Нэгд: Энэ нь цаг хугацааны хувьд сонгуулийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө, Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй байхдаа 2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад болсон Цэвэр удирдагчдын клуб(Clean leadership club) байгууллага Элбэгдоржийг гишүүнээр элсүүлж, түүнийг дэмжигчдийн уулзалт хийсэн ажиллагааны бичлэг байна. Энэ бол нууц зүйл огт биш. Харин байгууллагын интернет сайт дээр байсан эхийг маш их гуйвуулж, нэмэлт зураг оруулж ашигласан байна. Уг бичлэгийг эх хувийг интернет хаягаар хаягаар чөлөөтэй үзэж, сонсож болно. Уг сайтаас Цэвэр удирдагчдын клубын зорилго, үйл ажиллагааны талаар ч бүрэн мэдээлэл авах боломжтой.( http://cafe.naver.com/cleaneb)

Цэвэр удирдагчид байгууллага нь Зүүн өмнөд Ази, Монголын байгалийн доройтол, цөлжилтийн эсрэг тэмцэх эрхэм зорилготой олон улсын байгууллага бөгөөд гишүүдийн дунд НҮБ-ын ерөнхий н.б.дарга асан Кофи Аннан, одоогийн ерөнхий н.б.дарга Пак Гин Мүн нар байдаг.
Хоёрт: Энэ бичлэгийг ашиглахдаа  нэмэлтээр гурван солонгос хүний яриаг зохион байгуулж хийсэн байна. Бичлэгийг анхааралтай үзвэл уулзалтанд оролцогчдын дунд тэр хоёр хүн байгаагүй нь нотлогдоно. Уулзалтанд уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд ч тэдний нэр байхгүй байна. Мөн камерын бичлэг зөрүүтэй. Солонгос хүмүүсийн барьсан микрофон нь солонгос улсад ашиглагддаггүй загварынх байна. Солонгос хүн хандив тусламж өгснийхөө дараа нэр усаа хэлэх, мөнгөнийхөө тоог зарлах заншил байдаггүй тул тэдгээр солонгос хүмүүс зохион байгуулалттай гүтгэлэгийн ажиллагааны хамтрагч эсвэл золиос болсон байх магадлалтай байна.

Мөн ярилцлага авсан цаг нь зөрөөтэй байна. Уулзалт үдшийн бүрий болж байхад 17.30 минутаас явагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржид хандив өргөсөн хүмүүс бага үдийн орчим 11 цагийн үед ямар нэг манаачийн байранд ярилцлага өгсөн байна.

Гуравт: Манай байгууллага Монголын байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, цөлжилтийн эсрэг хамтран  ажиллах сонирхлоо илэрхийлж энэ чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа бөгөөд улс төр сонгуулийн асуудлаар бид ямарваа үйл ажиллагаа явуулаагүй, явуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдье.


Ийм гүтгэлэгийн ажиллагаа төлөвснөө Энхбаярын сонгуулийн төв комиссын ажилтан Я.Төмөрбаатар гэгч 4 сарын 24-нд  хэвлэлийн бага хурал хийж зарласан байна. Тэрээр "Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн. Тун удахгүй түүнийг дэлгэх болно. Гаднын мөнгөөр сонгуулийн ажил зохион байгуулсныг удахгүй дэлгэнэ. Тоо баримт, дүрс, баримт бий" гэж хэлснээс хагас сарын дараа Шударга сонгууль ТББ -гаар "илчлэх" жүжгээ тавиуллаа.

Энэ нь гүтгэлэг эртнээс төлөвлөгдсөн зохион байгуулалтай зүйл байсныг гэрчилж байна. Магадгүй 4 сарын 24-ний байдлаар тэд нэмэлт гүтгэлэгийн материалууд бэлэн болоогүй, гардан гүйцэтгэх хүн тодорхойгүй байсан бололтой. Гүтгэлэгийг гуйвуулж янзалж дуусаад, биечлэн гүтгэх хүнийг олсны дараа 5 сарын 8-нд сүржигнэн зарласан нь илт байна.

Тодруулах web хаягууд:

http://cafe.naver.com/ArticleRead.nhn?clubid=18240615&page=1&menuid=8&boardtype=L&articleid=11

http://cafe.naver.com/ArticleRead.nhn?clubid=18240615&page=1&menuid=8&boardtype=L&articleid=12

http://cafe.naver.com/cleaneb.cafe?iframe_url=/ArticleList.nhn%3Fsearch.clubid=18240615%26search.menuid=8%26search.boardtype=L

http://cafe.naver.com/cleaneb

Төлбөртэй нийтлэв.

Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа

Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа

 

Сонгуулийн сурталчилгаа хугацааныхаа талаас өнгөрч байгаа энэ үед нэр дэвшигчдийн сэтгэл санааны байдалд сэтгэл зүйч Л.Оргил-Эрдэнэ сонирхолтой харьцуулалт хийжээ. Түүний задлан шинжилгээг товч ярилцлагын хамт хүлээн авна уу.

Психо-аналитикийн харьцуулалт

Нэр дэвшигч

Ц.Элбэгдорж

Н.Энхбаяр

Гадаад илрэлүүд

Хөдөлгөөнтэй, гар хөл, биеийн хөдөлгөөнөөр яриандаа өргөлт өгч, тодотгол хийдэг. Хараа тогтвортой. Энгүүн атлаа эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй дүр, төрхтэй байна. Сэтгэлийн хүлээс (комплекс) байхгүй. Ярьж байх үедээ анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайн. Ядралт, цуцалт багатай харагдаж байна.

Хөдөлгөөн багатай, биеэ барьсан байдалтай. Нүд нь тогтворгүй гүйлгэнэдэг. Харц тулахаас халирдаг. Ярьж байхдаа микрофоноосоо юм уу индрээсээ тас зуурдаг. Болгоомжтой, алдах вий гэж хичээсэн, сэтгэцийн маш их хүлээстэй(комплекс) байгаа шинж нь шууд харагдана. Анхаарлын тогтворжилт сайнгүй. Сульдаж, цөхөрсөн шинж анзаарагдана

Яриа болон сэтгэлгээний илэрц, төлөв байдал

Үг хэл тод, оновчтой. Сэтгэл хөдөлсөн үедээ ялимгүй хэтрүүлэг хийж, давталттай ярьдаг. Орчны нөлөөлөлд дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх чадвар сайтай. Өрсөлдөгчдийн дайралтыг тэсэх, даах, мултран гарах чадвар сайтай, сэтгэлийн хаттай. Уян хатан.

Яриа нь сунжруу, ойлгомжгүй, оновчгүй. Өрсөлдөгчийнхөө үг яриаг хуулбарладаг.(ядуурал, авлига миний дайсан г.м) Алдах вий гэж биеэ хэт барьснаас эсрэгээр ноцтой алдаанууд гаргадаг. Жишээлбэл:"1996-2000 онд юу болсон? Улс төрд хамт зүтгэж байсан хүнийхаа аминд халдсан хэрэг гарсан ш дээ" гэж илт гүтгэлгийн шинжтэй дайралт хийсэн. Сэтгэл зүйн дайралтад тэсвэр муутай, хүнд нөхцөлөөс гарах чадваргүй. Гомдоллох, буруугаа бусдаас хайх шинж тогтмол илэрдэг

Шинжээчийн дүгнэлт

Өрсөлдөөнд бэлтгэлтэй, итгэлтэй байна. Хөрөнгө мөнгөний бэлтгэл тааруу байгаа нь үр дүнг бууруулж байгаа ч хийх ажил, төлөвлөсөн зүйлээ тод харж, тууштай, чигээ алдахгүй явж байна. Бусдын зөвлөгөөг сайн авдаг ч өөрийнхөөрөө үлдэж чадаж байна.

Хамгийн гол нь, улс төрийн хатуужилтай байна. Алдаагаа хүлээж, сургамж авч чаддаг

Өрсөлдөөнд хөрөнгө мөнгө, зохион байгуулалтын хувьд сайн бэлтгэсэн ч сэтгэл зүй, оюуны бэлтгэл сул байна.

Мөрийн хөтөлбөрөө боловсруулаагүй, одоо болтол сонгогчдоос асуусаар яваа нь үүний тод илрэл. Тууштай биш байна. Бусдын үг ярианд амархан автаж, уймарч байгаа нь сурталчилгааны явц, өрнөлөөс шууд ажиглагддаг. Маш их айдас, болгоомжлолтой, яаж ийгээд ялчих юмсан гэсэн эрмэлзлэл нь хөдөлгөөн бүрээс ажиглагддаг.

Сонгогчдын хүлээн авалт

Өөрчлөлт, шинэчлэлт хийх нэр дэвшигч, улс төрийн арвин туршлагатай, юу хийх, юунд зорьж яваа нь тодорхой, ойлгомжтой. Хийсэн ажлуудыг бүгд мэддэг. Эрх чөлөө, мал хувьчлал, орон сууц хувьчлал, Хүүхдийн мөнгө, Эрдэнийн хувь г.м

Элдэв мөнгөн амлалт, аргацаалтаар сонгогдчих эрмэлзлэлтэй, хийсэн тодорхой зүйл байхгүй. Үргэлж бусдын хийсэн ажлыг зээлддэг. Жишээ нь: Мянганы зам. Энэ бол талийгаач Л.Энэбишийн санаачилж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан ажил гэдгийг монгол хүн бүхэн мэднэ.

Ярилцлагад анхаарлаа хандуулна уу

Сэтгэл зүйч Л.Оргил-Эрдэнэ: Надад хэн ялах нь сонин биш

-Та энэ шинжилгээг хэрхэн хийсэн аргачлалаа ярихгүй юу?

-Нэр дэвшигчдийн сурталчилгааны материалууд, видео бичлэг болон уулзалтууд дээр очиж ажигласан судалгаануудаа харьцуулах, фокус бүлэгтэй ярилцах замаар хийсэн шинжилгээ л дээ.

-Захиалагч байгаа юу?

-Хэн захиалах вэ дээ. Энэ бол цэвэр мэргэжлийн судалгаа. Сонгогчдод сонирхолтой байх болов уу л гэж бодоод хийсэн юм.

-Таны судалгаагаар нэр дэвшигчдийн тэр, энэ ялна гэх дүгнэлт гарч болох уу?

-Үгүй үгүй. Ёстой тийм юм байхгүй. Дан ганц сэтгэл зүйн төлөв байдлаар улс төрийн өрсөлдөөн шийдэгдэхгүй. Цаана нь маш олон хүчин зүйл байдаг байх. Би бол цэвэр хүнийх нь шинж чанарын нэг талыг л судалсан. Ялалтын талаархи таамаглалтай ямар ч хамаагүйг хэлэх хэрэгтэй. Надад хэн ялах нь сонин биш

-Нэр дэвшигчидэй ярилцаж үзсэн үү?

-Тийм боломж гарвал баярлах л байна. Одоогоор уулзалдаагүй. Зөвхөн гадаад ажиглалт дээр тулгуурласан.

- Гадаад байдлаар нь дотоод сэтгэлийг мэдэж болох уу?

-Хүний дотоодод болж буй үйл явц, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь гадаад байдал, үг яриа, хөдөлгөөн, сэтгэцийн хариу үйлдлүүдээр гадагшаа илэрч цацагдаж байдаг юм.

Н.ГЭРЭЛ

 

Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа
(Нийт: 155)